Эмч нарын эрхийг хамгаалъя – Save the Doctors Mongolia нэртэй пэйж хуудсанд хүний их эмч С.Анударь гэх бүсгүй дараах байр суурийг хуваалцсан байна.
Тэрбээр Сайн байна уу? Намайг Анударь гэдэг. Эмч мэргэжилтэй. Бусад залуусын адилаар нийгэмдээ өөрийн чадах зүйлсээр хувь нэмрээ оруулахын тулд ажиллаж, сурч боловсорч яваа энгийн л нэг Монголын боловсон хүчин. Би мэргэжилдээ хайртай, мэргэжлээрээ бахархдаг.
Коронавирусийн халдвар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа энэ үед “Энэ дэлхийн найдвар нь шинжлэх ухаан тэр дундаа АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР” гэдгийг бид биеэрээ мэдэрч харж байна. Манай улс ч өөрсдийн бололцоонд тааруулан чадах ядахаараа маш сайн ажиллаж байгаа.
Тиймдээ ч энэ их ачааллыг нуруун дээрээ үүрч яваа хүмүүст тулгарч байгаа бодит байдлын талаар хэлж ярихгүй бол болохгүй байна.
Өнөөдөр би та бүхнийг Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулаасай гэж хүсэх гэсэн юм.
Монголын нийгэмд элит гэгддэг олны танил, нөлөө бүхий мэдлэг боловсролтой хүмүүс, хүний эрхийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд, олон улсын байгууллагууд, хуульчдын холбоо, эдийн засгийн мэргэжилтнүүд, нийгмийн ухааны экспертүүд Монгол эмч нарынхаа төлөө дуу хоолойгоо нэгтгэж бидэнд туслаач гэж хүсч байна.
Ганцхан жишээг дурдахад Америк болон бусад хөгжил өндөртэй орнуудад улс үндэстнийг хамарсан онцгой байдал, цар тахлын үед ажиллуулах тусгай нэмэлт гэрээг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэйгээ байгуулж ажиллаж байгаа. Тухайн ажилтан гэрээлэх эсэхээ өөрөө шийднэ, хувийн болон хүндэтгэх шалтгаанаас болж татгалзах эрхтэй. Хариуцсан эрх баригч байгуулагаас тухайн мэргэжилтэнд тавигдах шаардлага, ажиллуулах нөхцөл, үүсч болох эрсдэл, амь даатгал, аюулгүй байдлын хангамжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хөдөлмөрийн үнэлгээ, үүргээ зөрчсөн үед ногдуулах хариуцлагын журмыг харилцан тохиролцсоны дүнд гэрээлж байгаа юм.
Ийм үед тухайн мэргэжилтэн, ажиллуулагч байгууллага аль аль тал нь ажил үүргээ сэтгэл ханамжтай, айдасгүй, бие биедээ бүрэн итгэлцэлтэй хийх боломж олдоно. Үнэнийг хэлэхэд тэр хамгаалалтын хувцас, хангамжийн асуудал арай дэндсэн асуудал. Битгийн гоншгоно гэж хэлж байгаа хүмүүсийг хараад тэднийг гайхах бус бид хэтэрхий номхон, өөрийгөө хамгаалах эрх зүйн мэдлэг ямар нимгэн байгаа юм бэ гэж л бодож суулаа.
Бид зун жимсэнд явах гэж цуглаагүй, малтай хамаатныдаа дэм болох гэж очиж байгаа энгийн хүмүүс биш. Цар тахлын үед ажиллаж байгаа салбарыг төлөөлсөн, хүний амь нас хариуцаж яваа дээд боловсролтой, эзэмшсэн мэргэжилтэй хүмүүс биз дээ. Хамгаалах хэрэгсэлгүйгээс болоод тэр хүмүүс халдварт өртөх, тээх, бусдад тараах гол объект болно гэсэн үг шд.
Тэрнээс ажлаас зугатах гэсэн, сэтгэлгүй гэсэн асуудал байхгүй. Угаасаа хамгийн эрсдэлт бүлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гэдгийг дэлхий нийтээрээ зарлаад Филиппины эмнэлэг, эрүүл мэндийн яамнаас маскны дутагдалд орсноос болоод иргэддээ эмнэлэгийн ажилчдыг хамгаалахад хувийн маскны хэрэгцээгээ хандивлахыг хүсэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эхний ээлжинд эрүүл байж энэ нөхцөл байдлыг даван туулахаас аргагүй гэж байхад манайхан залуу мэргэжилтнүүдээ, эмнэлэгт насаараа ажиллаж байгаа эмч нараа эрхээр далайлгаж, гэрээлж биш тангаргаар богтолж ажиллуулчихаад биднийг өмөөрөх, хамгаалах хүмүүс нь өөрсдөө олны хэлний хар хэл аманд өртүүлж байна гэдэг бол ёс зүйн хамгийн том алдаа.
Миний мэдэх бүх эмч шөнөжин жижүүрт хоносон ч өвчтөнүүдээ үзэж дуусаад, эмчилгээгээ бичиж, сторио цэгцлээд, өглөөний хуралдаа сууж ирцээ бүртгүүлээд аль ээлжийнх нь цаг дууссан байхад л жижүүрээсээ үд болж байж л буудаг. Зарим нь бүр жижүүрийнхээ амралтыг авч чадалгүй сэнсэртлээ үргэлжлүүлээд маргааш орой нь хүртэл өнждөг. Тэглээ гээд тэр болгондоо илүү цаг хийчихлээ, хөдөлмөрийн хууль зөрчлөө, би амармаар байна, энэ ажлыг хийж чадахгүй нь гэж ганц нь ч хэлж байгаагүй.
Гэхдээ ийм байх ёсгүй шдээ. Бидний эрх хамгаалагдах хэрэгтэй, бид эрхээ хамгаалах хэрэгтэй. Цалингаас, ажлын нөхцлөөс болж ажилладаг бол энэ салбарт өнөөдөр ажил хийх хүн олдохгүй байх байсан. Яагаад сонгосон мэргэжлээрээ ажиллахдаа ар гэрээ тартагтаа тулуулж, амраг садан үр хүүхэддээ цаг гаргаж чадахгүй, ажиллахын төлөө цалингаасаа давсан зарлага гаргаад, өр тавиад, төлбөр төлөн биегүй болж, доромжлуулах ёстой юм бэ?
Бодлоготой, стандарттай, хүн төвтэй салбар болох цаг нь болсон. Бидний өмнөөс энэ ажлыг хийх хүн, хийж чадах хүмүүс байхгүй. Тиймээс энэ байдлыг өөрчлөхөд хамтдаа тэмцье, нэгдье! Бид энэ асуудлыг хурал төдийхнөөр дарагдуулаад өнгөрүүлэхгүй, жагсаал хийж аргацаахгүй. Холбогдох хууль журам, бодлогод нь цагаан дээр хараар бичүүлж эрхээ хамгаалуулах болно.
Доромжлуулж, гүтгүүлж, аврах гэж байгаа хүндээ зодуулж, гэмтэж, нүдэндээ нулимстай биш нүүр дүүрэн инээгээд, айх аюулгүй, ирээдүйдээ итгэлтэй, бахархалтай ажлаа хиймээр байна. Биднийг авраач! Та ч бас нэгд! Монгол эмч нар аврагдаж байж, Монгол улс эрүүл байна
Хүний их эмч,
С.Анударь