2020-03-25 13:291min04

Ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авна

unnamed (2)

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.25/

Тус мэдээлэлд ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: “УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Дээрх аймгуудад  гуравдугаар сарын 24, 25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргасан.

Ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагааны нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын байцаагч нар болон холбогдох эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэр гарсан” гэлээ.

Шуурхай штаб-н зурган илэрц

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: “Гуравдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна. Одоогоор нийт 2335 метр квадрат зам, 117 мянган метр талбайг ариутгасан байна. Өнөөдөр Баянзүрх, Налайх дүүрэгт ариутгал хийж байна. Нийслэлд хоёр, гурав гэсэн дарааллаар дахин халдваргүйжүүлэлт хийнэ.

Мөн Улаанбаатараас орж гарах хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа бөгөөд авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод Нийслэлийн цагдаа, ОБЕГ, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газрууд хамтран эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн дагуу ажиллаж байна. Иргэдээс авч байгаа асуумж мэдээллийг цаашид эрсдэл үүсэхэд ашиглах учир цааргалалгүй, дэлгэрэнгүй өгөхийг уриалж байна” гэж тус тус мэдээллээ.