Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.5-д сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ хэмээн заасан байдаг. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байна.
Хамгийн эхэнд буюу гуравдугаар сарын 23-нд нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн бол яг одоогийн байдлаар улс төрийн зургаан нам сонгуульд оролцохоо мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлээд байна. УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн заалттай.
Эцсийн байдлаар нийт хэдэн нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн талаарх мэдээллийг маргааш нэгтгэн, албан ёсоор мэдээлнэ гэдгийг ҮАГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан хэллээ.
УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар аудитын байгууллага нь намын мөрийн хөтөлбөрүүд улс орны эдийн засгийг савлуулахгүй байх тал дээр аудит хийх чиг үүрэг хүлээдэг байна.
УИХ-д суудалтай Монгол Ардын Нам болон Ардчилсан Намын төлөөллүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэхдээ хэлсэн үгийг онцолж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Манай намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт 85.3 хувьтай байна
МАН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Үндэсний аудитын газарт хүргүүллээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Манай намын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилийг хэрхэн авч үзэж байгаа, тэр дундаа дундаж орлоготой иргэдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хэрхэн баталгаажуулах, эдийн засгийг хэрхэн тэлэх вэ гэдэг дээр мөрийн хөтөлбөрийн зонхилох заалтууд орсон.
Бид монгол уламжлалаа бодолцож, морин цагт мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж байна. Сурталчилгаа болох учраас мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед товхимол, гарын авлага байдлаар нээлттэй болгоно.
Өнгөрсөн хугацааны буюу 2016-2020 оны мөрийн хөтөлбөр тодорхой үр дүнтэй байгаа гэж дүгнэж байгаа. Улаанбаатарын утаа мэдэгдэхүйц багассан. Мөн сургууль, цэцэрлэгт нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалт орлоо. Эдийн засгаа солонгоруулах зорилт биелэж, төмөр замын бүтээн байгуулалтыг зэвсэгт хүчнийхэн маань хийж байна. Бидний хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц үр дүнтэй цаг хугацаа байсан гэж харж байгаа. Мөрийн хөтөлбөрийг статистик байдлаар 85.3 хувьтай байна гэж дүгнэсэн” гэлээ.
З.Нарантуяа: Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ
Харин АН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, дэд дарга Р.Амаржаргал тэргүүтэй гишүүд ҮАГ-т хүргүүлсэн юм.
АН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудын талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх, хөгжлийн бодлого” нэртэй. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэг нь монгол айл өрх бөгөөд өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийж, өсөлт авчрах хөгжлийн хөтөлбөр юм.
Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол хүнийг, монгол өрхийг дэлхийн дундаж орлоготой иргэн, өрх болгоход манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн. Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно” гэлээ.
Үүн дээр нэмээд тус намын дэд дарга Р.Амаржаргал “Бид аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө гардууллаа. Хуулиар тав хоногийн дотор шаардлага хангах эсэхийг шалгана. Үүний дараа бид мөрийн хөтөлбөртөө ямар зүйл тусгасан талаар дэлгэрэнгүй ярих боломжтой болно” гэв.