Коронавирусийн халдвар дэгдэж байгаа энэ үед Нидерланд улс гуравдугаар сарын 23-ны даваа гарагаас эхлэн 06 дугаар сарын 1-нийг хүртэл хөл хориогоо сунгахаар болсноо зарлалаа.
Хөл хорионы хугацаанд иргэд нь 3-аас олуулаа болж цугларахгүй, хотын дарга нарт хөл хорионы дүрмийг зөрчсөн иргэдээ торгох бүрэн эрх олгожээ.
Нидерландын Хууль зүйн сайд Ферда Граппергаусын хэлснээр бусад хүнээс 1,5 метрээс ойртсон хүмүүсийг ч торгох гэнэ.
“Ажилдаа явах, хүнсээ авахаас бусдаар бол гадагш бүү гар. Дэлгүүрт ганцаараа ор. Хэрвээ та зугаалмаар байвал бөөнөөрөө цугларч болохгүй. Коронавирустэй тэмцэх үүнээс өөр арга байхгүй” хэмээн Граппергаус мэдэгдсэн байна.
Хотын захиргааны эрх нэмэгдэж, шаардлагатай бол хотуудыг хэсэгчлэн тусгаарлах, хүнсний захуудыг хаах, зай баримтлаагүй хүмүүсийг торгох боломжтой болжээ. Үүнээс гадна сургууль, ресторан, кафе, гоо сайхны салонуудыг хаах уу гэдгээ ирэх сарын 6-нд зарлана. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн дэлгүүрүүдэд 4000 хүртэлх еврогийн торгууль ногдуулна. Нидерландад COVID-19-ээр 4,7 мянга гаруй хүн өвчилж, 213 нь нас барж, хоёр нь эдгэрчээ.