Тагнуулаас Төрийн тусгай хамгаалалтыг салгахыг хэн хүсэв?

Эх сурвалж: Г.ХОРОЛ News.mn

Эрх баригчдын сонирхол уу эсвэл хувийн амбицдаа автсан “хурган” даргын санаархал уу, бүх нийтийн анхаарал Covid-19 рүү хандсан үед Төрийн тусгай хамгаалалтын газар/ТТХГ/-ыг Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-аас тусад нь гаргах “ажиллагаа” өрнөөд эхэлжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт төсөл нь боловсруулагдан, яамдаас санал авч эхэлсний зэрэгцээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр яарч буй гэх.

Хэрэв энэ мэдээлэл баттай бол өнөөгийн парламент бүрэн эрхээ дуусгахаас өмнө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй Тагнуулын байгууллагын хүчийг сарниулж ТТХГ-ыг тусад нь салган тасдах уу, нэгдмэл байдлаар буюу одоогийнх нь бүтцээр үлдээх үү гэдгийг шийднэ гэсэн үг.

Хүчин төгөлдөр хэрэгжиж буй өнөөгийн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тус газар нь Тагнуулын ерөнхий газарт харьяалагдаж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг тул ТТХГ нь байгуулагдсан цагаасаа ТЕГ-ын бүрэлдэхүүнд нь багтаж үйл ажиллагаа явуулж иржээ. Хэдийгээр бүтцэд нь багтдаг ч бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн юм байна.

Энэ тухай ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболд “ТТХГ нь тагнуулын байгууллагын бүтцэд, харьцангуй бие даасан статустай үйл ажиллагаа явуулж ирсэн. Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг дан ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал, практик манайд байхгүй. Энэ нь өөрөө тогтолцооны асуудал тул нэг нь нөгөөтэйгөө нөхцөлддөг олон шалтгаант холбоотой зүйлийг хөндөх сөрөг үр дагавартай.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа төр, засгийн тэргүүн, албан тушаалтны болон өндөр, дээд хэмжээний төрийн айлчлалын аюулгүй байдал нь зөвхөн биечлэн хамгаалах хэлбэрээр хангагдахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд сайн мэдэж байгаа. Энэ зөвхөн хүний амь, бие, эрүүл мэндийг биечлэн хамгаалах асуудлаас гадна Монгол Улсын дотоод аюулгүй байдал, төрийн аюулгүй байдлын хамгаалалт давхар хөндөгддөг асуудал” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хөнджээ.

Мөн ТТХГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Хамгаалалтыг ил, далд хэлбэрээр зохион байгуулдаг, одоо ч тэгж л ажилласаар байгаа. Харин энд тодруулахад, манай зарим нэг хүн төр, засгийн тэргүүнүүдээ дан ганц хүн, техник хэрэгслээр хамгаалж болно гэж хялбар бодоод байх шиг. Тийм биш шүү. Аливаа халдлага, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал, хүчин зүйлийг гүйцэтгэх ажлын шугамаар л урьдчилан мэдэж сэргийлэхээс бус, дан ганц биечилсэн хамгаалалтаар аюулгүй байдлыг хангах ямар ч боломжгүй” гэж мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, ТТХГ нь төрийн өндөр албан тушаалтнуудын амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас гадна улсын нууцыг давхар хамгаалж байдаг учраас ТЕГ-аас тусад нь гарган, агентлаг болгох нь өнөөгийн нэгдмэл тогтолцоогоо алдана гэсэн үг юм.

Түүнчлэн хардлага төрүүлж буй хамгийн ноцтой асуудал нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүрэн эрх нь дууссанаас эхлэн дөрвөн жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх гэснийг хоёр жил болгон төсөлд тусгасан юм байна.

Муу ч, сайн ч улсынхаа нууцыг тээж яваа хүмүүсийг төрийн хамгаалалтад хоёр жил байлгаад л хараанаасаа гаргах нь хэр зөв заалт вэ. Амь нас эрүүл мэндэд нь аюул учрахгүй гэх баталгаа байгаа юм уу. Эсвэл өнөөгийн төрийн гурван өндөрлөг хамгаалагч нараасаа уйдчихаад салахын түүс болж, хоёр жил болгон бууруулах санал гаргасан юм уу. Ийм нэгэн ээдрээтэй заалт Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан талаар хэвлэлүүд бичиж байна.

ТТХГ-ыг агентлаг болгох санаачлага П.Батаагийнх уу?

Хэдийгээр хуулийн төсөл нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт боловсруулагдсан ч ТТХГ-ын дарга П.Батаа сэдлийг нь гаргасан гэх яриа хөөрөө Төрийн ордонд дуулдаад эхэлжээ. Гэхдээ төрийн өндөр дээд албан тушаалтны хамгаалалтын хугацааг хоёр жил болгон бууруулахаар төсөлд тусгасан нь баттай бол П.Батаа насаараа ТТХГ-ыг удирдах биш тийм заалт оруулах сонирхол хэр байх бол… Энэ саналыг хэн гаргаж, тусгуулах сонирхолтой байж болох вэ. Сумыг нь П.Батаа татаж байж болох ч нум татсан хүнтэй байх вий.

Уг нь төрийн тусгай хамгаалалтын алба нь хувийн бие хамгаалалтын алба биш байлтай. Гэтэл яагаад Монгол төрийн хэвшмэл тогтолцоог нурааж, зөвхөн төрийн гурван өндөрлөгийн хамгаалалтыг тусад нь гаргахыг санаархав гэдэг асуулт хариулт нэхсээр… Мөн ТТХГ-ын дарга П.Батаа гэж хэн бэ гэдэг асуулт ч тавигдаж буй юм. Энэ тухай мэдээлэл хөөвөл баялаг “түүх”-тэй нэгэн аж.

Их тэнгэрт тогоочоор ажиллаж байсан залуу ТТХГ-т хөл тавьснаар дэд дарга болтлоо дэвшиж, удалгүй нэг жил гаруйн дараа нь дарга нь болж, тушаал ахижээ. Цагдаа зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан тухай 2016 онд хэвлэлүүд мэдээлж байсан бол хамгийн сүүлд 2019 оны сүүлээр дуулиан тарьсан Сүхбаатарын талбайг тойруулан тавьсан боржин чулууг санаачлагч нь П.Батаа байсан гэх “шуум” дэгдсэн. Төрийн ордныг хамгаалах нэрээр байршуулсан боржин чулуу нь нийслэлийнхэнд гологдож, эцэстээ татвар төлөгчдийн 152 сая төгрөг үрэгдсэн билээ.

Тагнуулаас тусгаарлах нэрийн дор Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг задлан салгах энэ санаархал хэнийх вэ, П.Батаа дарга аа?

 

3 thoughts on “Тагнуулаас Төрийн тусгай хамгаалалтыг салгахыг хэн хүсэв?

  1. рэн 2020-03-24 17:04 at 17:04

    энэ бол гадны тагнуулуудын үйл ажилгаа шүү

    Хариулах
  2. W 2020-03-26 20:28 at 20:28

    Neg bnu, tusdaa bn u. Yamar yalgaa bn.

    Хариулах
  3. Ачу 2020-03-27 15:17 at 15:17

    Тогооч хүн төрийн тусгай албыг толгойлдог гээд бодхоор тэр төр гээч нь юу байж таарах вэ? Жинхэнэ шаардлага бол дотоод гадаадад боловсрол эзэмшсэн өндөр мэдлэгтэй чекист хүн байх ёстой. Түүнээс ерөнхийлөгч нь бөх,тагнуул хамгаалагч нь тогооч төр хэрхэвч байж болохгүй шившиг.

    Хариулах

W-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн