Тусгай үүргийн нислэг дахин хийх эсэхийг одоогоор шийдээгүй байна. Он гарснаас хойш гуравдугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 21 мянган иргэн эх орондоо ирээд буйг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Дэлхийн 80 гаруй улсад 190 мянга орчим монгол иргэн оршин сууж байгаа тоо баримт байна. Үүнээс гадна ОХУ гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, БНХАУ хилийн хяналтаа чангатгаж эхлээд байна. Тиймээс БНХАУ, ОХУ-аар дамжин ирэх боломжгүй болсныг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.
“Ковид-19”- ийн шинэ голомт болсон Итали улсаас 300 гаруй иргэн ирэх хүсэлтээ ирүүлснийг Улсын онцгой комисс мэдээлсэн. Чартер нислэгээр гадаад улсад зорчих хүсэлтэй иргэдийн хувьд Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс эсвэл МИАТ ТӨХК-д өргөдөл гаргах шаардлагагүй. Хэрэв нислэг үйлдэхээр болбол тухайн компаниас энгийн үеийн горимоор тасалбараа худалдан авч болох гэнэ.