Валютын хадгаламжийн хэмжээ хоёрдугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өсөж, 3.6 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ нь төгрөгийн хадгаламжийн өсөлттэй харьцуулахад 2.7 дахин эрчтэй өсөлт байсан байна. Эдгээр нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд нөлөөлжээ.
Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт өмнөх оноос тав орчим хувиар өсөж, 20.5 их наяд төгрөг хүрчээ. Хэдий тийм боловч өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт 23 хувиар өсөж байсантай харьцуулахад саарсан үзүүлэлт болж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны мөн үеэс 24.7 хувиар өсөөд байсан зээлийн өсөлт ийнхүү огцом саарлаа.
Монголбанк шинэ төрлийн “коронавирус” дэгдэхээс өмнө буюу 2019 оны төгсгөлд хийж байсан төсөөлөлдөө зээлийн өсөлт 10 гаруй хувьтай буюу эдийн засгийн өсөлтийг дэмжих хэмжээнд байна гэж тооцож байсан ч оны эхний хоёр сард зээлийн өсөлт нэг хувьд хүрсэнгүй. Түүнчлэн хоёрдугаар сард өмнөх сараасаа буурсан үзүүлэлттэй байна.
“COVID-19”-ийн тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна гэж гуравдугаар сарын 11-нд гаргасан мөнгөний бодлогын мэдэгдэлдээ Төв банк онцолж байв.
Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкнуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргасан гэж тайлбарласан юм.
Шийдвэрийг дурдвал бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Төгрөгийн нөөцийн хувь хэмжээг бууруулснаар зах зээлд 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр гарах боломжтойг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.
Б.Бямбасүрэн
Эх сурвалж: Bloomberg.mn