УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэе.
“ОЮУТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалган, 2019 оны 5 дугаарын сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороонд санал, дүгнэлтээ танилцуулсан билээ.
Энэ санал, дүгнэлтийг үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
УИХ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан санал, дүгнэлтүүдийг үндэслэн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм.
Харин тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгахаар тусгажээ.
Улсын Их Хурлын Тамгын газар