1. Жирийн үеийнхээс их ус ууж эсрэгээрээ кофе, чихрээ багасгах
Стрессийн үед кортизол хэмээх даавар ялгарснаар зүрх хурдтай цохилж эхлэдэг учир кофе ууж нэмж зүрхээ ачааллуулах нь буруу. Үүнээс болж шөнө унтаж чадахгүй байхад хүрдэг.
Эсрэгээрээ ус их ууж, бие засах нь кортизолын хэмжээг багасгадаг. Тиймээс ялангуяа өглөө, өдрийн цагаар санах бүртээ ус уугаарай. Энэ нь вирусээс сэргийлэхэд ч давхар ач тустай.
Харин яагаад чихэр идэж болохгүй вэ? Яагаад гэвэл кортизол даавар нь өөрөө цусан дах чихрийн хэмжээг ихэсгэдэг учир нэмж чихэр хэрэглэх хэрэггүй. Чихэр идэх нь стрессийг улам өөхшүүлнэ. Дэлгүүрт оочирлож байгаа хүмүүс их чихэр, ундаа авсан харагдаж байсан. Хөл хорионы үед буюу хөдөлгөөн хязгаарлагдсан үед таны бие чихрийг задлаж, шингээхэд хэцүү учир бүр ч хэрэглэж болохгүй.
2. Өөрийгөө айлгах зүйл төсөөлж, хиймлээр айдаст автахгүй байх. Эсрэгээрээ сайхан зүйл төсөөлөх
Зөвхөн вирус тархалтын үед ч биш бүх үед энэ зарчим үйлчилнэ. Учир нь хүн “яанаа”, “ямар аймар юм бэ” “би үүнийг хийж чадахгүй” “надад муу зүйл тохиолдох байхдаа” гэх мэт өөрийгөө айлгасан бодол бодох үед тархины айдсын төв асч, стрессийн даавар ялгарч эхлэдэг. Стрессийн даавар нь дархлааны системийг дарангуйлдаг. Тиймээс өөрийгөө айлгахаар зүйл бодох хэрэггүй. Айдсыг чинь өөхшүүлж, ихэсгэсэн мэдээлэл үзэх, сонсох, унших хэрэггүй. Яг энэ үед зөвхөн өөрийгөө боддог, өөртөө ашиг хайж байгаа хүмүүс л бусдыг улам айлгах, сандаргах мэдээлэл цацаж байгаа. Бүгдээрээ ЭМЯ болон бусад албаныханд л итгэе.
3. Дасгал хийх
Стрессийн дааврыг хөлсөөрөө гадагшлуулах, дахин ялгарахаас сэргийлэх хамгийн шилдэг арга юм. Гэртээ байх хугацаандаа өдөр бүр хамгийн багадаа 20 минут өөрт тохирсон дасгалаа хийгээрэй.
Дасгал хийх үед аз жаргалын даавар серотонин ихээр ялгардгийг тогтоосон.
Түүнчлэн бие идэвхгүй, хөдөлгөөнгүй үед таагүй бодлууд их бодогдож, сэтгэл гутрал сэдрэх эрсдэлтэй байдаг.
4. Утсаар, дүрст дуудлагаар найзууд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох
Ялангуяа гэртээ ганцаараа байгаа хүмүүс заавал хэн нэгэнтэй холбоотой байгаарай. Утсаар ярихдаа вирусны талаар эсвэл өөрийгөө айлгах сөрөг зүйлийн талаар биш, аль болох сайн сайхан зүйлс ярилцаарай. Хүн удаан ганцаараа байвал хэт их өөрийнхөө асуудалд төвлөрч, хэтрүүлж бодсоноор стресс, цаашлаад түгшүүр, гутрал үүсэх, сэдрэх хандлагатай байдаг шүү. Өнөөдөр хэн рүү ярья гэж бодож байна?
Эх сурвалж: ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАЛАМЖЛАХ НОМ, 2018
Та уг номыг сонирхож байвал доорх линкээр орно уу.
https://avlaa.mn/t/5e1ff293250ce6001831cec5
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Зөвлөгөөний алба
2020.03.11