Коронавирусийн халдвар дэгдсэнээс үүдэн нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсад хязгаарлалт, хөл хорио тогтоосон. Ингэснээр Монгол Улсын төсвийн орлого, экспорт буурах эрсдэл дагуулснаас гадна иргэн, аж ахуйн нэгжийн орлогод ч нөлөөлсөн юм.
Тиймээс Засгийн газраас аж ахуйн нэгжийн импортын татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах гэх мэт бодлогын арга хэмжээг авахаар болсон. Коронавирусийн үед иргэн, аж ахуйн нэгжийн дарамтыг багасгахаар авч буй арга хэмжээний талаар хүргэе.
Импортын татвар чөлөөлнө
Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газар ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортлож буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлууллаа.
Уг хууль нь дөрөвдүгээр сард батлагдах юм. Харин тогтоол батлагдсанаас энэ сарын 16 хүртэл 18 аж ахуйн нэгжийн импортлосон 11.4 сая кг элсэн чихэр, 4.4 сая литр ургамлын тос, 2.2 сая кг цагаан будаа, З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулжээ.
Алданги тооцохгүй
Бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлна.
Тус хуулийн төслийг мөн дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар болжээ. Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байгаа аж.
Торгуулийг чөлөөлнө
Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 13 орчим тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байгаа гэнэ.
Татвараас чөлөөлнө
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулах татварыг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 20 орчим тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх урьдчилсан тооцоотой байгаа юм байна.
Хэмнэлтийн горимд шилжинэ
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж цалин, тэтгэвэр, тэтгэмж, онцгой байдал, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэ тогтоон санхүүжүүлнэ.
Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгана
COVID-19 вирусийн халдварын улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдлын үед иргэдийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гаргаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкинд нийт 1000 аж ахуйн нэгжээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсан байна. Зохицуулалтын хүрээнд хэрхэн зөөллөх вэ гэдгээ ярилцлаа. Монголбанкны хувьд банкуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх журам байдаг. Активын ангиллын журмыг Сангийн сайдтай хамтран гаргадаг.
Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанаас хойш гарсан хүндрэлүүдийн судалгааг гаргаж байгаа. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байна. Тиймээс хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.
Энэ хугацаанд зээлийн үнэлгээ буурахгүй бөгөөд торгууль, төлбөр нэмэхгүй аж. Зээлийн хугацааг хойшлуулснаар иргэд гурван сарын төлбөрөө бөөнд нь төлөхгүй, харин 20 жилийн хугацаатай зээл 20 жил гурван сарын хугацаатай болж сунгагдаж байгаа юм. Хугацааг сунгахын тулд иргэд тухайн банкинд хандаж, гэрээ байгуулна.
3 comments
Dotoodoo hiij surchaaya gadnaas bish
Bank huvi hunii huselteer zeelee 3 sarr hoishluulii ghd yagd zovshoorohgui bg ymb. Tolood yvii gsn ch humuus bg shde. Negentee tur zasgiin shiidver garchaad bhd huselt gargasan irgedg hamruulaachee. Chuhal shaardlagatai bold l tegj bn shde. Ene bolomjiig ashiglahad yagd bolohgui gj. irgenii tald uilchildeggui bankuud toriin shiidveriig heregjuuleerei. Heregjdeggui shiidver bgd yahavde
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Банк, Банк Бусууд бол цэвэр луйврын шинж чанартай байгууллагууд гэдэг нь бодит үнэн шүү!!! Ядаж л Улсын банк болох Төрийн банк нь хүртэл таг дуугай, зээлээ нэхсээр л……………….