Бэлтгэсэн: Г.Равжаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай садан төрлийн холбоотой, хүргэн нь хэмээн хэвлэлээр бичдэг Г.Дэнзэн шүүгдэгчийн ширээнд өөр нэг хэрэгт холбогдон суулаа. Тэрбээр тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа түүний тушаалаар “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж.
Ингэхдээ эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож, төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2010 оны зургадугаар сарын 28-нд 135.3 сая шахам төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан байна. Улмаар пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны есдүгээр сарын 16-нд үнийн дүнг өсгөж, 199.7 сая гаруй төгрөгийн дүнтэй нэмэлт хийжээ.
Уг мөнгөө дээрх компаниар дамжуулан авч, чанар, ашиглалтын шаардлага хангахгүй авто пүүг “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд суурилуулж, 2010 оны аравдугаар сарын 7-нд Г.Дэнзэн өөрөө ажлын хэсгийг ахалж очоод акт үйлдэж, байгууламжийг хүлээн авч, улсад 137.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.
Уг хэргийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн байна. Гэхдээ улсад учруулсан 137.1 сая төгрөгийг нь гаргуулахаар шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг үл зөвшөөрч шүүгдэгч Г.Дэнзэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцлээ.
Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар НПГ-т буцаав. Ингэхдээ шинээр мөрдөж буй Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцүүлэн, хөөн хэлэлцэх хугацаагүй болсон учраас дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр шийдвэрлэсэн бололтой.