ХХААХҮ-ийн сайд засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ноолуур манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Үүнийг бид үр дүнтэй ашиглах ёстой. Энэ жил 70,9 сая толгой мал тоолуулсан. 10,2 мянган тонн ноолуур бэлтгэх тооцоо байна.
Онцгой нөхцөл байдал бий болсон. Энэ салбарын бизнесийн идэвхжил, цаашдаа бий болж болзошгүй эрсдэл бий болж байна. Тиймээс засгийн газраас цогц арга хэмжээ авах тогтоолыг батлан гаргалаа. Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч, малчдын хүчин чармайлтаар хэрэгжүүлэх хөтөлбөр юм.
Гуравдугаар сарын сүүлээр түрүүчийн аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Үйлдвэрүүд үүнийг хүлээж аваад боловсруулах ажил эхэлнэ. Өнгөрсөн жил 25 хувийн дотооддоо боловсруулж, гадаад зах зээлд гарсан байна.
Засгийн газрын тогтоолд төр үүрэг хүлээн энэ салбарт оролцохоор болсон. Үндэсний үйлдвэрүүдэд 300 тэрбумын хөнгөлттэй зээл олгоно. 200 тэрбум төгрөг шийдвэрлэж, ноолуурын нөөцийг бэлтгэхээр болж байна.
50 хувийг нь дотооддоо бэлтгэх арга хэмжээ авна. Энэ жил хөгжлийн банкнаас олгож байгаа зээлийн хүүг бууруулна. Энэ жил бодлогын хүү буурсантай холбоотойгоор зээлийн хүү 10 орчим хувь болох боломжтой гэж Монгол банкны ерөнхийлөгч танилцуулсан.
Ноолуур бэлтгэн нийлүүлэгч үндэсний үйлдвэрүүдэд 3-5 хувийн хүүтэй зээл олгохоор бэлтгэж байна. Дунд нь гарч байгаа хүүгийн зөрүүг төр хариуцахаар болж байна.
Монгол Улсын төр ноолуурыг тодорхой хэмжээний нөөцтэй байх, тодорхой хэмжээнд төрийн худалдан авалт хийх замаар дотооддоо боловсруулах арга хэмжээ авна. Үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахад тодорхой зохицуулалт хийж өгнө.
Ноолуурын үнийг 100 000 төгрөгөөс буулгахгүй байх зорилт тавьж байна.
Малчид ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Самнаад анхан шатны тордолт хийж, оролцох шаардлагатай байна. Ноолуурын үнийг буулгахгүй байх сэжүүр малчдад бий. Төр засгаас зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа тушаах хэрэгтэй байна.
Гарааны худалдан авалтыг 100 мянган төгрөгөөр тооцно. Мөн ноолуурын урамшуулал олгоно. Ингэхдээ малчид үүрэг хүлээнэ.
Элдэв худал мэдээлэл, ятгалганд автаж, ноолуураа борлуулахгүй байх ёстойг санууллаа.