Өчигдөр буюу /2020-03-17/ өдөр ОУОХ болон Олон улсын спорт холбоодын удирдлагуудтай уулзаж, коронавирусийн дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудаас “Токио 2020” зуны олимпийн наадмыг хойшлуулах эсэх асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байсан юм.
ОУОХ шийдвэрээ танилцуулахын өмнөхөн Европын хөлбөмбөгийн холбоо энэ зуны бас нэгэн том үйл явдал болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг жилээр хойшлуулснаа албан ёсоор мэдэгдсэн нь “Олимпийн наадам ч хойшлох нь” гэсэн сэтгэгдэл олон нийтэд төрүүллээ.
Харин ОУОХ асуудлыг олон талдаас нь дүгнэж хэлэлцсэний эцэст хойшлуулах шийдвэр гаргахаас түдгэлзжээ. Тус холбооноос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Олимп эхэлтэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ бол нөхцөл байдал өөрчлөгдөж болох хугацаа. Тиймээс яаран шийдвэр гаргах шалтгаан алга” хэмээн онцлон тэмдэглэсэн төдийгүй олимпийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилнэ гэдгээ заарлаж, олимпийн наадамдаа эрчимтэй бэлтгэхийг тамирчдад хандан уриалжээ.
“Токио 2020” зуны олимпийн наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох хуваарьтай юм.