Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Цагаан хустайн 2 орчимд иргэн Г-ийн хашаан дотор 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үр 1 тонныг хадгалж байсныг илрүүллээ. Уг хэргийг Монгол улсын иргэн Э үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон.
Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн түүж бэлтгэсэн ургамлын үрийг 2019 оны 04-08 дугаар сарын хооронд худалдан авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдэд өндөр үнээр худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг тогтоож таслан зогсоолоо. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд ургамлыг хадгалж байсан чингэлэгт хэргийн газрын үзлэг хийж, 6 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч үрийг эд мөрийн баримтаар хураан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үрийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлээд байна.
Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) ургамал ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар эмзүйч, ургамал судлаачид “Дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн олон улсын эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашиглаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ховор ургамлын жагсаалтад оруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар 1 килограмм ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “..ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна.
Иймд иргэн Б нь хууль бус үйл ажиллагааныхаа улмаас байгаль экологид учирсан 250.000.000 төгрөгийн хохирол учруулсан тухай урьдчилсан дүгнэлт гарлаа.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар А/43
Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүүг /Saposhnikovia divaricata (Turz.) Schischk./ устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба