Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрсэн тухай өчигдөр орой мэдээлсэн.
Вирусийн халдвар авсан гурван иргэнтэй цуг нэг онгоцоор ирсэн 111 хүнээс шинжилгээ аваад байгаа бөгөөд 60 иргэнээс нь халдвар илрээгүй байна гэх мэдээллийг эрүүл мэндийн яамнаас өгч байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр СOVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй.
Франц иргэнтэй холбоотой хавьтлуудын шинжилгээ өмнө нь тодорхой мэдээлэгдсэн бөгөөд хавьтлуудын шинжилгээний хариу үүгээр дуусаж байна. Гэхдээ хавьтлуудын тусгаарлагдах хоног арай дуусаагүй.
Мөн 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу тус бүр сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсанд тандалт судалгаа хийж байна.
Мөн өчигдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг тохиолдол гээд нийт гурван хүний шинжилгээнд COVID-19 илэрч, Монгол хүнд СOVID-19 халдварын батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.
Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 60 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна.
Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор хамт онгоцонд ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад аван ажиллаж байна.
Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Эхний мэдээ болгож авах түргэвчилсэн оношлуур байгаа нь бидний ажлыг жоохон ч гэсэн хөнгөлж байна. Халдвартай нь шинжилгээгээр батлагдаад байгаа гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд” хэмээв.