БНХАУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурч байгаа бөгөөд одоогийн байдлаар 9898 хүн эмчлүүлж байгаа бол халдвар авсан нийт хүний 84 орчим хувь нь эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, эх газрын Хятадад нийт 80860 хүн халдвар авсан бөгөөд эдгэрсэн тохиолдлын тоо 67 749 болсон нь халдвар авсан нийт хүний 83.78 хувийг эзэлж байна.
Халдвар тархсанаас хойш Хубэй мужаас гадна 13 062 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 114 нь нас барж, нас баралтын түвшин 0.87 хувьтай байна. Харин Хубэй мужид халдварын нийт 67 798 тохиолдол бүртгэгдэж, 3099 хүн нас барж, нас баралтын түвшин 4.57 хувьтай байна.
Халдварын голомт болох тус мужийн Ухань хотод нас баралтын түвшин 4.93 хувьтай гарчээ. Халдвар тархсанаас хойш Хятадад нийтдээ 3213 хүн нас барсан байна. Ням гарагт тус улсад 16 шинэ тохиолдол илэрч, 14 хүн нас барсан бол 838 хүн эдгэрчээ.
МОНЦАМЭ