Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03 дугаар сарын 10-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад багтдаг Борцгор хотон шувууны хошууг иргэн Д гэртээ хадгалж байсныг тогтоолоо.Уг гэмт этгээдийг баривчлан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж, гадуураа улаан өнгийн төмөр савалгаатай, Хотон шувууны хошууг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дэлхийд 3200-4300 хотон бий. Хар ус нуурын “Шувуун цуглаа” хэмээх хошуунд 1956 оны зун 300 гаруй хотон, 1972 онд Хар ус нуурт 207‚ 1981 онд 13‚ 1976 онд Хяргас нуурт 10‚ Ойгон нуурт 13‚ Баянхонгор аймгийн Орог нуурт 1979 оны намар 50‚ 1985 онд Увс нуурт 1 хотон тохиолдож байжээ. Хэрлэн голын хөвөөнд 2 бодгаль 2008 онд тохиолдож байсан. Cудалгааны материалаас үзэхэд, 90-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий.
Гэвч 2000 оноос хойш эрс ховордож байгаад, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон. 2010 оны 6 сард Хар ус нуурын Цагаан голын арлууд дээр 120-150 хотон тохиолдож байсан. Усны түвшин буурах‚ хэт ихсэх‚ нуурын эрэг, арлын ургамал талхлагдах зэргээс үүр‚ өндөг устана. Хүн ойртоход үүрээ удаан хугацаагаар орхиж явснаас цахлай‚ үнэг зэрэг амьтад өндөг‚ ангаахайг сүйтгэнэ. Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдэг нутгийнхны заншил хотонгийн нөөцийг хомсдуулж‚ улмаар устахад хүргэх хандлагатай байна.
Экологийн цагдаагийн албанаас нийт ард иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.