ӨГЛӨӨНИЙ СОНИН
Ирэх дөрөвдүгээр сард энэ парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган эхэлнэ. Энэ чуулганаар тавьсан зорилго, хүлээсэн үүргийнхээ дутууг хэрэгжүүлж, дундуурыг дүүргэх учиртай. Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь чухал болохыг УИХ-ын дарга хэлсэн.
Дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг өөрчлөн шинэчилснээр ирэх тавдугаар сараас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт “амилах” юм билээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулиудын төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм.
Ингэж үзвэл УИХ-ын “отгон” чуулган мөн л ачаалал өндөртэй байх нь. Зөвхөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Иймд чуулганы завсарлагааны хугацаанд өөрчлөлт оруулах ёстой хуулиудын төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдсаар байгаа.
ХОТУУДЫГ ХУУЛЬЧЛАХ ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулж буй.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 83 зүйлтэй. Хуулийн төслийн үзэл баримтлал нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар олон жил хуримтлагдсан, эрх зүйн хүрээ хязгаар нь тодорхойгүй байгаа асуудлыг шийдэхийг зорьж байгаа гэсэн.
Одоогийн байдлаар хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шижлүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд (орон нутгийн корпораци) мөн.
Харин тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан сууриан газар (орон нутгийн кордораци) мөн гэж төсөлд тусгаад буй. Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад хот, тосгонд хүн амын суурьшлын асуудал гол цөм болж, хөдөлшгүй зүйл байдаг онцлогтой.
Манай улсын тухайд ч нэгэнт Үндсэн хуулиар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын асуудал хөндөгдөж эрх зүйн боломж нээгдсэн учраас ангиллын асуудлыг хот, тосгонд ч мөн адил анхаарч үзэх шардлагатай болно. Тэгж байж чиг үүргийн хэрэгжилт хангагдана.
Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол зорилго нь төрийн нэгдмэл байдлыг хангах, орон нутгийн бие даасан байдлыг аль болох зөв зохицуулахад чиглэж байгаа юм билээ. Энэ үндсэн дээр сум, дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын гол цөм байх ёстой гэсэн зарчим барьж, энэ санааг төсөлд суулгахыг хичээсэн тухай ажлын хэсгээс мэдээлж байсан.
ХАВРЫН ЧУУЛГАНААС ӨМНӨ ӨРГӨН БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛ
Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үйл явц мөн чуулганы завсарлагаар үргэлжилж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс энэхүү төслийг боловсруулж байгаа юм.
Хуулийн төсөлд шүүхийн тогтолцоог шинэчлэн тодорхойлох, шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий Шүүгчдийн зөвлөлийг ажиллуулах, бүх шатны шүүхийн болон шүүгчийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тодорхойлох, шүүгчид хүлээлгэх хариуцлага, оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүд, Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам зэргийг тусгасан байна.
Уг хуулийн төсөлд УИХ-аас ач холбогдол өгч байгаа. Г.Занданшатар дарга ажлын хэсэгт хандан хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 5 гэхэд өргөн барих, төсөлд тусгагдсан зүйл, заалтуудад мэргэжлийн хүмүүс, байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг авч, сайтар нягтлахыг үүрэг болгоод буй.
ИРГЭН БҮРТ ХАМААРАЛТАЙ ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ
Хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж байгаа.
Орон сууцны тухай хууль анх 1999 онд батлагдсан ба хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалтууд нь хуулийн зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдсон байдаг.
Түүнчлэн 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалт амьдралд нийцэхгүй, хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил маргаан гарсаар байгаа юм.
Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа боловч ШӨХТГ-т 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний дотор хамгийн их буюу 31.6 хувийг барилга, орон сууц, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах асуудал эзэлсэн мэдээ бий.
СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна.
Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах, мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулж, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх шаардлагыг үндэслэн Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн Орон сууцны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа юм.