Өнөө цагийн материалист нийгмийнхэнд коронавирусын халдвар хүчтэй цохилт өгч, хүн төрөлхтнийг багахан ч болов ухааруулж, амьдралын үнэ цэнийг нийтэд нь ойлгуулж байх шиг байна. Зовлон зүдгүүр бол хүн төрөлхтний багш юм аа гэсэн мэргэдийн үг бөмбөрцөг дээр мөр гаргаж яваа хүн бүгдийн орой руу орж, хүн гэдэг бардам амьтан аюулт өвчин ирсэн цагт ямархан эмзэг болохыг COVID-19 халдварын жишээ нэг ижил өнгөөр ойлгуулж чадлаа.
Нөхцөл байдлаас харахад хүн төрөлхтний амьдрал гурав дахь мянган жилдээ аюулт өвчин, байгалийн гамшгийг даван туулах чадваргүй үй олноороо үрэгдэж байсан чулуун зэвсгийн үеэс нэг их сайжирч чадаагүй болохыг дэлхийн хэвлэлүүд сөхөн хөндөж байна.
Гэхдээ коронавирусын халдвараас болж хүн төрөлхтөнд хэд хэдэн дэвшил ажиглагдаж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. NASA-гаас саяхан коронавирусын “ачаар” гэнэтийн эерэг үр дүн гарсныг тэмдэглэсэн байгаа. Энэ халдварын үеэр үйлдвэрүүд зогссоноос болж Ухань хотын төдийгүй Хятад даяар экологийн нөхцөл байдал эрс сайжирсан нь манай гарагт ч эергээр нөлөөлсөн гэнэ.
Үүнээс гадна өнгөрсөн намаржин дэлхийн өнцөг булан бүрт гарсан бослого хөдөлгөөн, жагсаал цуглаан зогсож, нийгэм эмх замбараатай, тайван болсон байна. Хүмүүс үхлийн аюултай халдвараас эмээн олон хүн цугларсан газарт очих нь эрс цөөрч, хашхирч орилон эсэргүүцлээ илэрхийлдэг үзэгдэл багасчээ.
Коронавирус угсаатан хоорондын маргаан тэмцлийг зогсоож, олон үндэстэн, ястан, арьс өнгөтэй хүмүүс өдгөө “халдвар авсан” болон “эрүүл” гэсэн хоёрхон ангилалд л хуваагддагийг мэдэж авлаа.
Мэдээж Украинд Уханиас ирсэн хүмүүсийг түр тусгаарлах үеэр хүмүүс зэрлэг бүдүүлэг төрөлхийн чанараа дээд зэргээр гаргаж, өөрсдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулж мэдэх хүмүүсийг төрөл төрөгсдөө юу, өөрийн улсын иргэд үү гэдгээс үл хамааран үзэн ядаж, бослого дэгдээсэн тохиолдлыг эс тооцвол шүү дээ.
Эцсийн эцэст COVID-19-ийн аюулын өмнө үндэс угсаа, хэлт, шашин шүтлэг, нийгмийн статус юу ч биш гэдгийг ойлгож, аливаа амбиц гэдэг хий хоосон зүйл болохыг мэдэрлээ.
Тухайлбал, Иранд эрх бүхий өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд бөөнөөрөө халдвар авсан бол Японд аяллын хөлөг онгоцонд баян, алдартай хүмүүс ч аймшигт өвчний өмнө айж чичирдэгийг мэдэрлээ. Одоо бол Парис, Лондон гээд хаа ч зугтаагаад нэмэргүйг хүмүүс ойлголоо.
Эцэст нь хэрвээ COVID-19 гараагүй бол улс орнуудын төр засгаас өдөр тутмын соёлыг судлах ажлыг эрчимжүүлж, эрүүл ахуйд сургах, хүн амыг соён гэгээрүүлэх ажлыг тоолгүй орхисон хэвээр байх байлаа. Коронавирус ерөнхийдөө хүнийг даруу төлөв, арвич хямгач байдал, элдэв зугаа цэнгэлээс хол байлгахад сургаж байна.
Д.ОТГОНЖАРГАЛ