Тавантолгой-Гашуун Сухайтын чиглэлийн замд нүүрс тээвэрлэгч жолооч нар авто ослоор амиа алдсаар байна. Өмнө говь аймаг дахь шороотой, нарийн замд өдөрт 2-3 авто машин осолддог аж. Иймд яаралтай орон нутгийн замыг сэргээн засварлах шаардлагатай гэдгийг жолооч нар хэлэх болжээ.
Жолооч нарын хэлсэнээр нүүрс тээвэрлэх машины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдөр 6000-д хүрсэн байна. Ингэснээр нэг рейст долоо хоног зарцуулдаг болсон аж. Тэд нэг удаагийн тээвэрлэлтэнд 250 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол 150 мянган төгрөг болон буурчээ. Тээвэрлэгчид Хятадын талд нүүрсээ буулгах үед заримдаа маргаан зөрчил гарч, монгол иргэд амиа алддаг гэжээ.