Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Энэ удаа кофе, цайны хэрэглээ болон эерэг, сөрөг нөлөөний талаар түлхүү ярилаа. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа itoimagency@gmail.comхаяг руу явуулах боломжтой.
-Орчин цагт хүмүүс зарим нь цай, зарим нь нь аяга кофе сайн гээд л байх юм. Аль нь хүний биед илүү сайн байдаг юм бол?
-Энэ хоёр ундааг нэг нь нөгөөгөөсөө сайн юм уу, муу гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ихэнх оронд цай уудаг, кофе уудаг гэж хүмүүсээ ангилдаг. Монголчууд цай, коце хоёуланг нь уудаг сонин орноор шалгараад байгаа. Бидний хамгийн сайн мэдэх нэг л цайны ургамал бий.
Ургамал нь нэг мөртлөө яаж боловсруулсанаас хамаарч хар цай, ногоон цай, цагаан цай, өөлин цай, шар цай ч гэж бий. Хар цай гэдэг нь хуураад, өнгө амт оруулагч хийж, нэлээд исэлдүүлээд, исэлдсэнээсээ болоод, төмөр зэврээд хар өнгө ордог шиг хар өнгө ордог. Сүүлийн үед дэлхий дахинд ногоон цайг эрүүл мэндэд хамгийн тустай гэж үзэж байна. Хавдар, зүрх судасны өвчин болон урт наслахад тустай. Ногоон цай бол исэлдэлт нь дутуу явагдаад, хууралгүйгээр хамгийн зөв хадгалсан цай юм.
-Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүд сүүтэй цай түлхүү хэрэглэвэл хөгшрөлт явагддаг, байхуу цай ээх нь дээр гэнэ гэж ярилцах болсон. Эсвэл буцалсан ус уух болсон. Сүүтэй цай хөгшрөлтөд нөлөөлөх үү? Нөгөөтэйгүүр, настай хүмүүс сүүтэй цай шиг сайхан юм байхгүй, ядаргаа арилаад сайхан болдог гэдэг.
-Хятадад цайны соёл гэж бий. Японд бүр айхтар, сүмийн дэг жаяг шиг болчихсон. Тэрийгээ хийж чадаагүй эмэгтэй хүн, эмэгтэй хүн биш гэдэг. Монгол ч гэсэн адилхан. Эмэгтэй хүнийг цайных нь сайхнаар мэднэ гэдэг их зөв. Учир нь хүн сэтгэлээ зориулж, шингээж цай хийвэл сайхан болно.
Хүн биеийн ная орчим хувь нь ус. Энэ усыг үргэлж сэлбэж байх ёстой. Өдөрт ойролцоогоор нэгээс хоёр литр ус ууж байх ёстой. Үүнийг цай хэлбэрээр уувал усаа ч авдаг, дээр нь эрүүл мэндэд ашигтай сэргээх үйчилгээтэй. Ногоон цайны хувьд хүний цусанд байгаа өөх тосны хэмжээг багасгах, даралт ихдэх өвчнөөс сэргийлэх, хавдраас сэргийлэх нөлөөтэй.
Давстай ногоон цайг сүүтэй чанадаг. Давстай ууж байгаагийн учир нь Монголд цаг агаар нь хуурай, салхитай, эрс тэс байдаг. Ус амархан ууршдаг. Харин давс байгаа газар ус шингэдэг. Өглөө 2, 3 аяга давстай цай уугаад гарвал тэр шингэн өдрийн турш хадгалагдах боломжтой.Харин давсгүй уусан бол өдөр ууршаад биеэс гарчихна.
Гэхдээ Монголын газар нутаг өөр, өөр. Баруун тийш явах тусам илүү хүйтэн, өндөр болдог. Би Говь-Алтайн хүн. Догшин гоо үзэсгэлэн гэмээр, харахад гоё ч амьдархад хэцүү. Хар азаргын нуруугаар зун долоон сард давахад хөлдөж үхчих гээд, урагшаа буугаад Алаг нуурын говьорохоор шатааж үхчих гээд байдаг. Ийм эрс тэс газар бол хамгийн амттай, чанартай, өтгөн, давстай банштай, борцтой, будаатай цай уух хэрэгтэй.
Дорнод бол цаг агаар сайтай, хуртай газар. Тэнд цай нь давсгүй, тэгсэн мөртлөө хоол нь бидэнд шорвог гэмээр их давстай. Монголчууд олон зууны турш цай, хоол хоёрынхоо хүний биед яавал ашигтай байх зүй зохисыг зохиосон. Гэхдээ хөдөө байгаа малчид, нүүдэлчдийн хувьд ийм байх ёстой.
Аав, ээж маань тийм цай уудаг гээд хотод орж ирээд өтгөн, давстай цай уугаад байвал, судас нь хатуураад , судсан дотор нь давс хураад, судас нарийсах, даралт ихсэх, инсульт, инфаркт болох үндэс болно. Хотод орж ирсэн, дулаан өрөөнд суудаг хүмүүс цэвэр ус уусан нь хамаагүй дээр. Тэгэх юм бол усаа илүү нөхнө. Гэхдээ би хагассайн өдөр бүр анштай цай уудаг. Тэр долоо хоногийн амьдрал хагассайн өдрөөс эхэлдэг гэж боддог.
-Кофе байнга уудаггүй мөртлөө ганц аяга уухад зүрх дэлсээд байна гэдэг. Энэ нь ямар нэгэн өвчинтэй холбоотой юу?
-Бамбай булчирхан үйл ажиллагаа ихэссэн, манайхан бамбайн хордлого гэж ярьдаг өвчинтэй юм уу эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй байгаа хүмүүс, зүрх судасны ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүс тэгдэг. Хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүйрхэх шинж тэмдэг илэрнэ.
-Хятад, япончуудыг харж байхад цайгаа жижигхэн, бараг жүнз шиг аягаар уудаг. Манайхан нийлж суугаад ярьж хөөрвөл, том том аягаар нь уучихдаг. Цай уухад аяганы хэмжээ нөлөөлдөг юм болов уу?
-Япон, хятадууд ууж байгаа аяга нь бага, хундага шиг юмаар данх данхаар нь хорь, гучин удаа хийж уудаг. Монголчууд тэднээс том аягаар ууж байгаа ч хоёр, гурав ууна. Тэгэхээр адилхан. Цай кофенд ч бай, кола-нд ч бай хүнийг бүр уумаар санагдуулаад дахин дахин бодогдуулаад байдаг бодис бий. Тэр нь кофеин.
Тархины судсыг өргөсгөдөг, дээр нь хүний бор давхаргыг сэргээдэг. Ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Уртавтар тархинд байгаа амьсгал, зүрхний доод төвүүдийг цочроодог ид шидтэй бодис. Оюутан болгон шалгалтын үеэр шүдээ харлатал ууж байсан байх. Гэхдээ кофе, цайг хэмжээнээс нь хэтэртэл уувал хүний биед муугаар нөлөөлнө.
Ер нь аспирин ч бай, архи ч бай адилхан эмийн тунгаар уувал сайн, эм хэтэрвэл хор. Кофе их уухад нойргүйдэх, гар хөл чичрэх, зүрхний хэм алдагдах, зүрх олон цохилох, мэдрэлийн систем хэтэрхий цочромтгой болох гэх мэт ерөнхийдөө тийм тайвширч амрах биш, эсрэгээрээ ядарсан, неврозод орсон хүний шинж тэмдгүүд гарч ирдэг.
Монголчууд, ялангуяа хөгшчүүд цай нь холдохоор толгой нь өвдөөд, даралт нь ихдээд ирдэг. Энэ нь хэтэрхий өтгөн цайг хэтрүүлэн хэрэглэж байсан, бүр донтсон хүмүүсийн шинж тэмдэг. Харвардын их сургуулийн нэгэн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш цай, кофены талаар маш том судалгаа хийгээд инээдтэй үр дүнд хүрсэн.
Тэр нь бидний мэддэг эгэл үнэн буюу цай, коцег тохируулан хэрэглэж байх. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй уухад болно. Тэрнээс их уувал хортой бүх шинж тэмдэг илрэнэ. Сайн чанрын цайг ч гэсэн өдөрт 5-6 аягаас илүүгүй уух юм бол эрүүл мэндэд хамгийн сайн. Тэрнээс их уувал хортой нөлөө гарч ирнэ.
-Та өмнөх зөвлөгөөндөө яс ургалтад витамин Д, сүү, тараг уухыг зөвлөж байсан. Сүүг тэр бүр дангаар нь ууж чадахгүй юм. Цайгаа өтгөхөн шиг сүлээд уувал нэмэртэй болов уу?
-Тараг, сүү их ууж чадахгүй бол шууд витамин Д-гийн хавсарсан бэлдмэл эмийн сангуудаар бий. Дөчөөд насны хүн бол арай бага тунгаар 200 мг-тай(кальцийн тун), 50 дөхөж байгаа хүн 400 мг, 60 дөхөж байгаа хүн 600 мг-тайг ууж болно. Түүнээс биш өтгөн сүлсэн цайгаар нөхнө гэж байхгүй.
Тэрийг өтгөн сүлсэн цайгаар нөхнө гэвэл арваад литр цай уух хэрэгтэй болно. Тэгэхээр витамин уучихад хямд бас танд амар байх болно. Гэхдээ үүнд хөдөлгөөн сайн хийх ёстой. Энэ хоёр нийлж байж яс ургалтыг хянана. 80, 90 хүрсэн ч бай ясанд үргэлж ургах, шимэгдэх процесс явагдаж байдаг. Тэгэхээр үүнийг тэнцвэртэй байлгахын тулд дасгал, кальци хоёрыг бас тэнцвэртэй байлгах ёстой.
Эх сурвалж: http://itoim.mn/index.php/site/news/9447