Зээлийн хүүтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлууд түүнчлэн эдийн засгийн бодлогын чиглэлийг хэлэлцжээ.
Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар буулгасан бол арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг 2 хувиар буюу 10.5-аас 8.5 хувь болгож буулгасан байна. Энэ нь эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгийг гаргаж, мөнгөний бодлогоо уян хатан хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаа гэдгийг хэллээ.
Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудтай уялдуулан бодлого, хүү нь дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байгааг мөн хэллээ.
Үүнээс гадна Санхүүгийн охицуулах хороо тодорхой хэмжээний шийдвэрүүдийг гаргажээ. Учир нь зээлийг зөвхөн арилжааны банкуудаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд олгодог. Ямар нэгэн хүүгийн нэмэгдэл авахгүй байх, үндсэн зээлийн хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авахаар холбогдох томоохон банк бус санхүүгийн байгууллагуудтай тус хорооноос зөвлөлдөж байна. Удахгүй тодорхой шийдвэр гарна.
Тэрээр цааш нь “Төсвийн бодлого дээр өөрчлөлт оруулан эдийн засгаа тэтгэх чиглэлээр нэмэлт арга хэмжээг зарим орнууд авч хэрэгжүүлж байгаа. Агшиж байгаа зүйлийг улам танах юм бол эдийн засаг борцлогддог эрсдэл байдаг гэдгийг давтаж хэлье.
Миний хувьд арилжааны банкууд тэгнэ гэж хэлж чадахгүй. Тэд бизнесийн зарчмын хувьд шийдвэрээ гаргаад явна. Төр засгийн хувьд арилжааны банкуудад татвар, журам, зохицуулалтуудаараа уян хатан байх боломжийг бий болгож өгсөн. Тэд энэ чиглэлээр тодорхой хэмжээний арга хэмжээ авна гэдгээ өнөөдөр бидэнд хэлсэн.Бидэнд арилжааны банкуудын явуулж байгаа бизнесийн хэлбэрт оролцох эрх байхгүй. Эдийн засаг дээр сандарч дэлгүүр гүйн юм хуримтлуулах огтхон ч шаардлагагүй гэдгийг хэлье” гэлээ.