Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ өнөөдрөөс эхлэн сэтгүүлчдийг цуглуулалгүй, мэдээллээ онлайнаар хийж байна. Дэлхийн 109 улсын нутагт дэвсгэрт коронавирусийн халдварын 113702 тохиолдол бүртгэгдсэн. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт 212 хүн нас барж, нийт нас баралт 4012 боллоо.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Турк, Монгол, Ямайка, Бруней зэрэг дэлхийн 14 оронд халдвар өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдлээ. БНСУ-д халдвар буурах хандлагатай бөгөөд өнгөрсөн хоногт 130 тохиолдол бүртгэгдлээ. Итали Улсад өчигдөр орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхаарууллаа. Гэхдээ халдварыг тогтоон барих боломжтой нь харагдаж байна гэлээ.
Коронавирусийн халдвар авсан Францын иргэний нэгдүгээр хавьтал 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д өчигдөр өглөөнөөс эхлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу эхнээсээ гарч, одоогийн байдлаар 26 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гараад буй юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Москвагийн онгоцоор 159 хүн ирснээс 70 хүнийг тусгаарлалаа. 1 сарын 9-нөөс хойш 1206 хүн тусгаарласнаас өнөөдөр 765 хүнийг тусгаарлаад байна. Халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт шилжүүлэн ХӨСҮТ-д авчран, эмчилгээг үргэлжлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна.
Бид Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдон эмчилгээний туршлагаа солилцож эхэллээ. Мөн уламжлалт анагаах ухааны нөөцийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Бид хэд хэдэн баг болж өчигдөр 338 иргэнтэй холбогдож, тандалт асуумж судалгаа хийж, 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзлээ. Үүнээс Улаанбаатарт байгаа 98 хүнийг тусгаарласан. Эхний 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Шинжилгээний дээж хот, хөдөөгөөс ар араасаа ирж байна. Ирсэн цагийн дарааллаар хариу гарч байна. Шинжилгээний хариу хэдэн цагийн дараа гарахыг тодорхой хэлэх боломжгүй гэв.