Нутаг яваад энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц иргэнээс Covid-19 Коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл өчигдөр нийгэмд нэлээн айдас, түгшүүрийг үүсгэв. Тухайн хүнтэй нэг онгоцоор ирсэн, уулзсан бүх хүмүүсийг өчигдөр тогтоон тусгаарлаж, шинжилгээ аваад байгаа тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээд байна.
Тэгвэл өнөөдөр өглөө Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ганзориг Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарсан тухай таатай мэдээллийг өглөө.
Яг одоо Засгийн газар хуралдаж байгаа юм байна. Хэдийгээр нэгдүгээр хавьтлын хүмүүсээс шинжилгээний хариу сөрөг гарсан ч иргэд олон нийт тайвширч болохгүй бөгөөд маскаа зүүж, гараа угааж, бие биедээ эерэг мэдээлэл түгээж, орчин тойрноо ариутгаж дархлаагаа хүн бүр дэмж байх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс дахин дахин сануулсаар байна.
Н.БАТАА