ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр тэрбээр хэлэхдээ: Зах зээлийн хангамж тогтвортой байгаа энэ үед хэт нэмэгдсэн хэрэглээ бий болгох нь үнийг савалгаа үүсгэнэ. Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ.
Махны хувьд жилийн хэрэгцээ буюу шинэ махтай золгох хүртэл хангалттай нөөц бий. Зах зээлд гаргах 20 гаруй мянган тн махны нөөц байгаа. Энэ нь сар тутам 3-4 мянган тн мах иргэдийн хэрэгцээнд гаргах боломжтой гэсэн үг.
Гурилын тухайд бүтэн жилийн хэрэглээг хангах хэмжээний түүхий эд гурилын үйлдвэрүүд нөөцөлсөн. 3-4.5 сарын тогтвортой нөөц бий. Стратегийн нөөц бүрдүүлэх үүднээс хоёрдугаар сарын 27-ны өдөр улаанбуудай импортлохоор болсон.
Будааны тухайд бид 100 хувь импортоор авдаг. Төрөл тус бүрээр нь авч үзвэл 2-4 сарын нөөц бэлэн байна. Элсэн чихрийн гурван сарын нөөц байгаа. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүний импортыг тасралтгүй үргэлжлүүлнэ. Харин иргэдийн гадна, дотны бүх хөдөлгөөнийг хязгаарласан гэв.