Улсын онцгой комисс өглөө 06 цагт хуралдсан бөгөөд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан дараах мэдээллийг хийлээ.
Хурандаа Ж.Амгалан “Францын иргэний ирсэн онгоц, явсан маршрут, байрласан, орсон газруудыг тогтоосон. Нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 хүний нэрийг тогтоосон. Энэ иргэдээс шинжилгээ авах ажлыг цагдаагийн байгууллага эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Сумаас, аймгаас Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнийг зогсоож байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд энэ дэг журмыг чанд сахиулахыг нийт иргэд, сум орон нутгийн засаг захиргаанаас хүсэж байна. Иргэд нийгмийн дэг журмыг онцгойлон сахиж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад хувь хүн бүр анхаарах шаардлагатай.
Мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлага стандартыг бүрэн биелүүлэхийг хүсэж байна. Хавьталттай байна гэж сануулаад байхад шаардлага биелүүлээгүй иргэн н.Идэрболд, н.Дэжидмаа нарт хуулийн хариуцлага тооцно. Энэ бол бусдадаа вирус халдаах хамгийн эрсдэлтэй үйлдэл учраас аль ч сум, багт бай тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой.” гэлээ.