Үндэсний том бүтээн байгуулалт Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцсан юм. Мөн Зүүнбаян өртөө дэх Монголын төмөр зам ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсэг хуралдав.
Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Бригадын генерал П.Доржсүрэнгийн мэдээлснээр тус ангийн хариуцаж буй хэсгийн доод бүтцийн барилга угсралтын ажлыг ирэх 6 дугаар сарын 30-нд дуусгаж дараагийн төсөлдөө оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу 1 өртөө 6 зөрлөг байгуулагдах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлын хэсгийн хуралдаанаар Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд гадаадаас нийлүүлэх материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
ЗТХЯ