ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХАМТРАН ШИЙДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙТ ОРОЛЦОГЧДОД УРИАЛГА ГАРГАЖ БАЙНА
1990-ээд онд эхэлсэн ардчилал, шинэчлэлийн түүхэн үед “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК /МХБ/-ээр 475 улсын үйлдвэрийн газрын хувьцааг цэнхэр, ягаан тасалбараар 1.2 сая иргэнд эзэмшүүлж хувьчилснаар Монгол Улсад орчин үеийн зах зээлийн эдийн засгийн үндэс суурь тавигдаж байсан билээ. МХБ нь энэхүү түүхэн үүргээ амжилттай гүйцэтгэхийн сацуу өнөөг хүртэл 40 гаруй аж ахуйн нэгжид 187.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд зуучлан, нийт 3.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа зохион байгуулаад байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МХБ нь олон улсад нэр хүнд бүхий Лондонгийн хөрөнгийн бирж групптэй стратегийн түвшинд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалт, техник, технологи, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлсэн билээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг 2013 онд шинэчлэн найруулахад МХБ-ийн зүгээс чухал үүрэгтэйгээр оролцож, үнэт цаасны зах зээлийн хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсний үр дүнд гадаад улсын компанийн үнэт цаасны давхар бүртгэл, хадгаламжийн бичиг, төлбөр тооцооны дараа төлбөрт систем, үнэт цаасны номинал болон бенефициар өмчлөл, кастодианы үйлчилгээ зэрэг олон шинэ концепцууд зах зээлд шинээр нэвтэрсэн юм. Ингэснээр 2018 онд гадаад улсын компанийн үнэт цаасыг анх удаа МХБ дээр давхар бүртгэж арилжаалсан, арилжааны үнийн дүн хамгийн дээд хэмжээндээ хүрсэн, 2019 онд анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн дүн дээд амжилтаа тогтоосон зэргээр хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд урьд өмнө байгаагүйгээр идэвхжиж, чамлахааргүй их амжилтад хүрч байна. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн биржээр арилжаалах зохицуулалтыг цоо шинээр бүрдүүлж, хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг сайжруулж хариуцлагатай болгох, төлбөр тооцооны дараа төлбөрт Т+2 горимд нэвтрүүлэх чиглэлд зах зээлийн бусад оролцогчдын хамт бид ажиллаж байна.
Ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлд тасралтгүй ахиц дэвшил гарч байгаа хэдий ч цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, зах зээлийг үсрэнгүй хөгжүүлж, цоо шинэ түвшинд хүргэхийн тулд үнэт цаасны зах зээлийн бүх оролцогч байгууллагууд хамтран дараах хэд хэдэн нэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг МХБ-ийн зүгээс нийт зах зээлийн оролцогч байгууллагуудад УРИАЛЖ байна. Үүнд:
1. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох
Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, шинээр гаргасан үнэт цаасанд хөрөнгө оруулах эрэлт тасралтгүй бий болгох, хувьцааны ханш тогтвортой байх, түүнчлэн компаниудын үнэт цаас гаргах сонирхлыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Иймд дотоодын хөрөнгө оруулалтын сангуудыг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын сангуудыг татан оролцуулах, мөн өнөөгийн тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хамтран хийснээр тэтгэврийн сангуудыг бий болгож, хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээн, иргэдийг хуримтлалтай болгож ирээдүйг нь баталгаажуулах.
2. Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх
Дотоодын эдийн засагт гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад томоохон дарамт болдог төгрөгийн ханшийн эрсдэлээс хамгаалах ач холбогдол бүхий гадаад валютын үнэт цаасыг нэвтрүүлэх, түүнчлэн жишиг хүүгийн мурийг бий болгох, хөрөнгө оруулалтын багцыг оновчтой бүрдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий эрсдэлгүй үнэт цаасны арилжааг хөрөнгийн зах зээлээр дамжуулан зохион байгуулах ажиллагааг дахин эхлүүлэх.
3. Хөрөнгийн зах зээлд татварын бодлогын дэмжлэг бий болгох
Хөрөнгийн зах зээлээ амжилттай хөгжүүлсэн улс орнуудын хөгжлийн туршлагаас үзэхэд зах зээлийн
хөгжлийн эхэн үед төр засгаас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлж ирсэн байдаг хэдий ч одоогийн байдлаар манай зах зээлд аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дутмаг байна. Иймд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулснаас олох аливаа орлогыг тодорхой хугацаанд чөлөөлөх, хувьцаагаа олон нийтэд санал болгосон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр бодлогын дэмжлэгийг бий болгох нь зах зээлийг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
4. Хөрөнгийн зах зээлийн өртөг зардлыг бууруулах
Манай хөрөнгийн зах зээлийн арилжааны шимтгэл нь бусад зах зээлүүдтэй харьцуулахад өндөр байдаг нь зах зээлд хөрөнгө оруулах сонирхлыг бууруулах, өдрийн арилжаа /day trade/ зэрэг их давтамжтай арилжаанаас ашиг олох боломжийг хязгаарладаг. Арилжааны шимтгэл нь үнэт цаасны компаниуд, хөрөнгийн бирж, арилжааны төлбөр тооцооны байгууллага, зохицуулагч байгууллага зэрэг олон байгууллагуудын шимтгэл хураамжаас бүрддэг тул өртөг зардлыг бууруулахын тулд олон улсын стандартын дагуу зах зээлийн нэгдмэл, оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох.
5. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх
Хуримтлагдсан ногдол ашгийг тараах
Монгол Улсын иргэд 1990-ээд оноос цэнхэр, ягаан тасалбарын өмч хувьчлалаар хөрөнгийн зах зээлтэй олон жилийн туршид холбогдсон байдаг. Гэвч зарим иргэд өөрсдийн хувьцаа эзэмшил болон ногдол ашиг тараагдсан эсэх талаар мэдээллээр хангагдаж чадахгүй байгаагаас их хэмжээний ногдол ашиг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-д хуримтлагдан хадгалагдаж байдаг. Иймд энэхүү тараагдаагүй ногдол ашгийг эзэнтэй болгох тараах ажлыг зах зээлийн хэмжээнд зохион байгуулж, ард иргэд хөрөнгийн зах зээлийн ашиг шимийг бодитоор хүртэж, цаашид улам идэвхтэй оролцох боломж бүрдүүлэх.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах
Монгол Улсын иргэн бүрт 2012 онд эзэмшүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК нь одоогийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэгдэж арилжаалж эхлээгүй байгаагаас иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоор хангагдаагүй байна. Иймд тус компанийг дотоодын хөрөнгийн биржид арилжаалж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байна.
6. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах
Аливаа зах зээлийн найдвартай байдлыг хангах үндсэн суурь нөхцөл нь техник технологийн аюулгүй ажиллагаа билээ. Олон улсын жишигт нийцсэн Миллениум Ай Ти цогц системийг 2012 оноос хойш хөрөнгийн бирж, арилжааны төлбөр тооцооны байгууллага, үнэт цаасны хадгаламжийн байгууллага болон үнэт цаасны компаниуд зэргээр зах зээлийн хэмжээнд ашиглаж байгаа бөгөөд МХБ системийн зардал, үйлчилгээг дангаараа хариуцаж байна. Уг системийг нэвтрүүлснээр, системийн найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангахын зэрэгцээ харилцагчид онлайнаар арилжаанд орох, арилжааны хяналтыг бодит цагийн горимоор хийх, арилжаа болон захиалгын олон шинэ боломжууд, төрлүүдийг зах зээлд нэвтрүүлэх боломжууд бүрдсэн. Энэхүү системийг ашиглаж эхлээд 8 жил өнгөрсөн байгаа бөгөөд энэ хугацаанд зах зээлийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн зэрэгтэй уялдуулан хөрөнгийн зах зээлийн технологийн урт хугацааны нэгдсэн бодлогыг тодорхойлох.
Эдгээр арга хэмжээнүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлснээр зах зээлд тулгамдаж буй асуудлууд ул суурьтайгаар шийдэгдэж, хөрөнгийн зах зээл цоо шинэ түвшинд хүрч хөгжих боломж бүрдэнэ гэж бид үзэж байна. Ийнхүү хөрөнгийн зах зээл хөгжих нь эдийн засгийг эрчимжүүлэн хөгжүүлэх, компани, бизнесүүд урт хугацааны хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлэх боломжтой болох, ард иргэд, олон нийтийн зүгээс хуримтлалаа хамгийн ашигтайгаар байршуулж хөрөнгийн үнэ цэнээ тасралтгүй өсгөхөд онцгой ач холбогдолтой билээ. Иймд хөрөнгийн зах зээлийн эдгээр ач холбогдлыг харгалзан үзэж, зах зээлийн нийт оролцогчдын хэмжээнд уг асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлд бүх талын нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, санал солилцох, нэгдсэн байр сууринд хүрэх, хөрөнгийн зах зээлийн урт хугацааны нэгдсэн бодлоготой болох, шийдлүүдийг нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ авч хамтран ажиллахыг МХБ-ийн зүгээс хөрөнгийн зах зээлийн оролцогчид та бүхэнд УРИАЛЖ байна.
Бидний уриалгыг хүлээн авч хамтдаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК