Европ тивийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Итали улсад өчигдөр буюу Ням гарагт халдварын улмаас 133 хүн нас барсан байна.
Ингэснээр тус улс эндэгдлийн тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрт орж, илэрсэн халдварын тоогоор Өмнөд Солонгосыг гүйцэж, мөн Хятадын дараа орох болжээ. Италийн засгийн газар өчигдөр умард бүсийн мужуудад хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна. Ломбарди муж бүхэлдээ, бусад дөрвөн мужийн 14 дүүрэгт нийлээд 15 сая орчим хүн хөл хорионд орсон нь Италийн хүн амын дөрөвний нэг болжээ.
Гэр бүлийн болон албаны онц чухал ажилтай хүмүүсийг хөл хорионы бүсээс гарах, орохыг нь зөвшөөрнө гэж засгийн газрын тогтоолд заасан байна. Милан, Венец хотуудын нисэх буудлууд нээлттэй байгаа ч зөвхөн орон нутгийн нислэгүүд үйлдэгдэж байгаа гэнэ.
Covid-19 вирусийн халдвар Италийн 22 мужид тархаад байгаа ба анхны эндэгдэл нь тус улсын хөгжил сул өмнөд бүсэд гарсан юм. Өнөөдрийн байдлаар Италид коронавирусийн халдварын тохиолдол 7,375 илэрч, 366 өвчтөн нас бараад байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрт орж байгаа юм.
IKON.MN