Хилийн боомт дээр болон цахимаар виз олгох хуулийн төсөл өргөн барилаа

2020-03-06 17:131min0
80815f7d-18af-43ac-8308-628917a93add

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Визийн ангиллыг хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэхдээ үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлахыг эрх олгосон заалтад тусгаж, визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ. Мөн Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан байна.

Түүнчлэн Виз мэдүүлгийн төв байгуулах, ажиллуулах зохицуулалт шинээр тусчээ. Визийн төв ажиллуулснаар виз олгож буй техник ажлыг дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хариуцахгүй болж, хэмнэсэн цаг, хүн, хүчийг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд түлхүү чиглүүлэх боломж үүсэх юм.

Төсөлд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах тухай болон хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй