Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар ОХУ-ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулжээ.
Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ.
Тэрбээр “Албан томилолтын үр дүнгээр Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуулийн захирал Зиманов Л.Л-тэй замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гурван чиглэлийн асуудлаар санал солилцсон” гэдгийг онцоллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.
ОХУ-ын Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн мэдээллийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүх ажлуудыг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Нийслэлийн ЗДТГ