Өнөөдөр болсон Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийг тусгаарлахад гарч буй зөрчлийн талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: “COVID-19 халдвар нь дэлхий нийтийг цочроосон, хүнд хэлбэрийн өвчин гэдгийг нийт нийт иргэд мэдэж байгаа. Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт онцгой дэглэм тогтооход орон нутгийн засаг захиргаа шуурхай ажиллаж, ард түмэн ухамсартай байсан явдалд талахаж байна.
Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй ажилд зарим иргэний хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүй байдлаас болж зөрчлүүд гарч байна.
Тухайлбал:
- “Бага баян” амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б “Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья” хэмээн бусдыгаа буруу зүйлд уриалан дуудаж, эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон.
- Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа нэг иргэн тээшиндээ авч ирсэн согтууруулах ундааг уухыг завдахын зэрэгцээ бусдад тараах гэж оролдсон.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдээс гаръя гэж дураараа авирласан.
- Налайхын нэг хүн онгоцноос буугаад зугтахыг завдсан.
Зөрчил гаргасан иргэдэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно
Манай улс хэдийбээр эрх чөлөөтэй орон хэдий ч хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тавигдаж буй шаардлагыг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг юм. Эл үүргээ биелүүлээгүй хүнтэй хариуцлага тооцож эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар арга хэмжээ авна.
Бид дээрх зөрчлүүдийг баримтжуулах ажлыг явуулж байна. Дэглэмийн тодорхой хугацаа дуусаад шинжилгээ нь сөрөг гарсан үед бүгдтэй нь хатуу хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Энэ үйлдлүүдээ таслан зогсоохгүй ямар нэгэн байдлаар эсэргүүцээд байгаа хүмүүсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана” гэж анхаарууллаа.