Х.Уянга, П.Даваажаргал: ҮНДЭСНИЙ ШУУДАН
Өмнөд Солонгост Коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэх болсон гол шалтгаан нь христын гаж урсгал болох Шинчонжи сүмийн байсан гэж Солонгосын төр засгийн байгууллага болон ард иргэд нь үзэж, буруутгаж буй. Тиймээч ч тус сүмийн Ли Ман Хи болон бусад 12 хүнийг хүн амины хэрэгт буруутгаж, мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт төр захиргааны байгууллагаас нь гаргасан юм.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ойрын өдрүүдэд энэхүү урсгалд нэлээн анхаарал хандуулж байна. Анхаарал хандуулахаас ч өөр аргагүй нөхцөл байдал бий болж байна. Улаанбаатарт л гэхэд шинжёнчи урсгалын 10 гаруй сүм, цуглааны газар байдаг бөгөөд 3000 гаруй итгэгч байдаг гэх мэдээ байна.
Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Мэргэжлийн хяналтын байгууллага сүм хийдүүдэд хяналт шалгалт хийсэн гэх боловч шалгалтын тайлан мэдээлэл алга.
Өмнө нь хэвлэлүүд Мүүн урсгалын асуудлыг нэлээн нухацтай хөндөж, гаргаж ирсэн ч уг урсгал нууцлаг байдалд орсон. Харин өнөөдөр Шинчонжи урсгалын асуудлыг гүн гүзгий хөндөж, энэ асуудлын араас сурвалжилж эхлээд байна.
Үндэсний шуудан сонин өнөөдрийн дугаартаа /2020.3.5/ Шинчонжи урсгалын талаар хоёр нүүр сурвалжлага бэлтгэн уншигчиддаа хүргэсэн байна. Түүнээс гол хэсгийг товчлон хүргэж байна.
Ингээд сурвалжлагаас тоймлон, гаж урсгалын гэж тодорхойлогдоод байгаа Шинчёнжи сүмээс зарим хүмүүс ах дүү, гэр бүлийнхнийгээ татан авсан хүмүүсийн яриаг хүргэе.
Ж.НАРАНГЭРЭЛ: БУРХАН НЬ ТУШААЖ БАЙНА ГЭВЭЛ ТӨРСӨН ЭЦЭГ, ЭХЭЭ Ч АЛЖ ЧАДАХ ХЭМЖЭЭНД БЭЛТГЭГДЭЖ БАЙГААГ БИ НҮДЭЭРЭЭ ХАРСАН
-Та шинчонжи урсгалын сүмд явж байсан гэсэн. Хэр хугацаанд явсан бэ?
-Би тэр сүмд 2019 оны наймдугаар сараас аравдугаар сарыг дуустал явсан. Манай төрсөн эгч энэ сүмд явдаг. Эгч маань маш удаан ятгасан ч очоогүй. Харин өнгөрсөн жилийн наадмаар таарахад нагац ах маань бас элссэн байсан.
Ах маань ойр дотнынхныхоо хүндлэлийг хүлээсэн мундаг хүн л дээ. Тийм болохоор намайг урихад нь ахыгаа хүндлээд, татгалзаж чадаагүй. Дээр нь “Сүнс хооллодог” гэдэг мэдээлэл нь миний сонирхлыг их татсан. Сүнсэн биеэ судлах, улмаар эрүүл урт, удаан амьдрах зэрэг хичээл заадаг юм болов уу гэж ойлгоод очсон.
-Хэзээнээс нь И Ман Хийг танилцуулсан бэ. Шинэ тэнгэр, газар гэдэг шашны урсгалын сүмд явж байгаагаа яаж мэдсэн бэ?
-Хичээл эхлээд сар орчмын дараанаас И Ман Хийг танилцуулсан. “Библийг манайх л жинхэнэ утгаар нь тайлбарладаг. Манай бурхан цорын ганц үнэн. Тэгээд 144 мянган хүн тэнгэрийн хаанчлалд орно. Дэлхий сөнөх үед бурхны таалалд нийцсэн энэ хүмүүс амьд үлдэж, шинэ тэнгэр, газрыг үүсгэн амьдарна” гэж заадаг. Тэр үед л ийм шашны нөлөөнд автаж яваагаа мэдсэн дээ.
-Эл байгууллага ямар арга замаар шинэ гишүүн элсүүлдэг вэ?
-Багш нар нь “Хүн бүр шинээр хүн урьж үр жимсээ бий болгох хэрэгтэй” гэдэг. Тийм учраас тэнд явдаг хүмүүс эргэн тойрны хүмүүсээ ятгаж шаналгадаг. Эсвэл үнэгүй сургалт, эмчилгээний төв гэх мэтээр хуурч аваачдаг юм билээ.
-Та яагаад тэнд явахаа болихоор шийдсэн бэ?
-Миний хувьд ажил хийх, амьдралаа авч явах боломжгүй болж эхэлсэн. Бас хүнийг өдөр, шөнө, өглөө, оройгүй хичээлээр дардаг. Өөрсдийнх нь үгнээс жаахан л зөрвөл загнадаг. Нэг юмаа залхтал дахин дахин заадаг. Ер нь бол тэнд эрүүл ухаантай байх ямар ч боломжгүй. Нэг л оччих юм бол араас уйгагүй хөөцөлддөг. Одоо ч над руу байнга утасддаг.
Хэзээ ч залхана гэж байдаггүй хүмүүс. Тэнд буруу номын сургаалиар хүмүүсийг мунхруулж, ямар ч өөрийн гэсэн тархи толгойгүй болгож байна. Тэнд удаан явсан хүмүүс бурхан нь тушааж байна гэвэл төрсөн эцэг, эхээ ч алж чадах хэмжээнд бэлтгэгдэж байгааг би нүдээрээ харсан.
Б.ЭРДЭНЭЧИМЭГ: 80 ГАРСАН НАДТАЙ 60 НАСТАЙ ОХИН МИНЬ ЗОЛГОХОО Ч БОЛЬСОН
-Таны гэр бүлээс хэн нь шинэ тэнгэр, газар сүмд явдаг вэ. Сүмд яваад хэр удаж байна?
-Том охин маань явдаг. Одоо 60 хүрч яваа, эмээ болчихсон хүн шүү дээ. Энэ сүм гээчид яваад гурван жил болж байгаа. Өөрөө явах мөрөөрөө явахгүй хавь ойрын хүмүүсээ дагуулж явах гэж ятгаж, уриалаад байх юм.
-Охин нь ямар ажил хийдэг вэ. Одоо ажлаа хийж байгаа юу?
-Уг нь үсчин мэргэжилтэй. Эхэндээ бол ажлаа хийдэг, сүмдээ яваагүй завтай цагаараа л ажил дээрээ ирдэг байсан. Одоо юу болж байгаа юм, сайн мэдэхгүй л байна. Ихэнх цагаа сүмдээ өнгөрөөдөг, амьдрал ахуй нь бүр хэцүүдсэн.
-Энэ сүмд явснаар ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ?
-Эцэг бурхнаасаа өөр бодох зүйлгүй болсон. Хөгшин надад Цагаан сараар ч ирж золгохоо больсон. Нэг бол ойр тойрныхоо хүмүүсийг сүмдээ элсэхийг уриалж, шаналгана. Эсвэл бурхныг нь шүтээгүй бид нарыг буруу номтон гэж буруутгана. Өдий насны хүний толгойг ийм болгочихдог газар байдаг л юм байна.
Өөр нэгэн гэрч Х.Баатар:
-Миний мэдэхээр “ТБД Андууд”-ын хажууд “Оньс” төв, өөр газарт “Оч” гэж сургалтын төв бий. Ийм жижиг газрууддаа анхлан ирж буй хүмүүсийг аваачдаг, тэгээд “хөрсөө бэлтгэнэ”, “үр жимсээ ургуулна” гэж ярьдаг. Манай ээж “Оньс” төвд нь зургаан сар сууж, тэндээ “боловсорч”, “жимс” болсон гэж тооцогдон, хорооллын эцэст байдаг шар алаг байран дахь төв сүмд нь явсан юм билээ. Тэр нь шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, хаяггүй.
Хаяггүйгээр барахгүй хаалгандаа кодтой, чипээр нэвтэрдэг. Гаднын хүн очиход тийшээ нэвтэрч чадахгүй, ямар үйл ажиллагаа явуулдгийг нь мэдэх ч аргагүй. Би тийшээ 2-3 удаа дайрч орсон. Яг л сүмийн үйл ажиллагаа явуулдаг, хэд хэдэн хуулийн зөвлөхтэй, маш боловсронгуй, системтэй ажилладаг, багагүй хугацаанд ажилласан нь илт, тохижсон газар байна билээ” хэмээн ярьсан байна.
Иргэн Баатар энэ шашны гаж урсгалын нөлөөнд автсан ээжийгээ суллаж авахын тулд тус сүм рүү хэд хэдэн удаа орж байсан юм байна. Одоо түүний ээж сүмээс гарсан бөгөөд хөдөө орон нутагт амьдардаг гэнэ.
С.ДЭМБЭРЭЛ: ШИНЧОНЖИ НИЙГЭМД СӨРӨГ ДАГАВАР ҮҮСГЭДЭГ УЧИР ГАЖ, БУРУУ УРСГАЛ ГЭЖ ҮЗЭХЭЭС АРГАГҮЙ
(МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, шашин судлаач)
-Дэлхийд нийт хэдэн төрлийн шашин байдаг вэ. Шинчонжи буюу шинэ тэнгэр, газар хэмээх урсгал хэр судлагдсан бэ?
-Дэлхийн долоон тэрбум гаруй хүний таван тэрбум нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд шашны 3000-5000 урсгал, чиглэл бий. Эдгээр шашныг нийгэмд үзүүлэх нөлөөгөөр нь нийгмийн үйл ажиллагааг дэмждэг, нийгмийн харилцаанд зохицдог, нийгмийн харилцааг үгүйсгэдэг гэж гурав ангилдаг. Шинэ тэнгэр, газар урсгал нь нийгмийн харилцааг үгүйсгэдэг хэмээх ангилалд багтдаг. Энэ урсгалын талаар судалгаа цөөнгүй бий.
-Шашин судлалын үүднээс гаж урсгал гэдгийг хэрхэн тайлбарладаг вэ. Шинчонжи гаж урсгал мөн үү?
-Шашин судлалын талаас шашныг уламжлалт болон шинэ хөдөлгөөнүүд гэж ангилдаг. Шинэ тэнгэр, газар үзэл нь шашны шинэ хөдөлгөөнүүдийн нэг. Ер нь бол уламжлалт шашин зөв, шинэ хөдөлгөөн буруу гэх боломжгүй. Гэхдээ шинэ тэнгэр, газар урсгал нь хуурч мэхлэх замаар хүмүүсийг элсүүлдэг, тэгээд нэг хүнийг хэт тахин шүтэж, хүмүүсийн тархийг угааж нийгмээс тусгаарлах зэрэг нийгэмд сөрөг дагаврыг үүсгэдэг учир гаж, буруу урсгал гэж үзэхээс аргагүй.
-Сүүлийн жилүүдэд Монголд олон урсгал, чиглэлийн шашин дэлгэрч байна. Энэ хэр зохимжтой вэ. Зарим хүн үүнд төрийн оролцоо, зохицуулалт хэрэгтэй гэдэг. Энэ талаар байр сууриа хуваалцаач?
-Ерөнхийдөө нийгмийн шилжилтийн үе, хүмүүсийн сэтгэл санааны тайван бус байдлын үед олон шашин дэлгэрэх хандлага байдаг. Шашны үндсэн үүрэг бол хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан эв эеийг нэгтгэх. Гэтэл манайх шиг цөөн хүн амтай улсад олон төрлийн шашны урсгал бий болох нь үндэсний үнэт зүйлд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа, гаж урсгалууд ил, далд хэлбэрээр хөгжиж, хүмүүсийг мунхруулсаар байх нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлнө. Иймд шашны гаж урсгалууд дээр төр, засгаас дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон.