Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийслэл хотод болсон гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн түргэн тусламжийн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бүхий л дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирдэг.
Нэг ээлжиндээ 16 мэдээлэл хүлээн авагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг тус төвд энгийн үед өдөрт 6000 орчим иргэн хандаж, 2000 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Харин “Ковид 19” вирусийн халдвар дэлхий дахиныг цочроогоод эхэлсэн нэгдүгээр сарын сүүлийн эхний хоногт тус төвийн хамт олон өндөр ачаалалтай ажилласан байна. Эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын 103 дугаарын утсанд хандах иргэдийн тоо энгийн үеийнхээс өсчээ. Оргил ачааллын үед буюу нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт нэг өдөрт л 8000 орчим дуудлага бүртгэгдсэн гэнэ.Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргаас үүрэг өгч иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлэхийн тулд 103 дугаарын утасны мэдээлэл хүлээн авагчийн тоог 10 болгон нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.
Сүүлийн өдрүүдэд Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж, энэ чиглэлээр эрчимжүүлсэн арга хэмжээг авч байгаатай холбоотойгоор Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хандах иргэдийн тоо буурч байгааг тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн онцоллоо.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс гэмт хэрэг, зөрчил, гал түймрийн гамшиг осол, эмнэлгийн түрэн тусламжийн дуудлага мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан, Улаанбаатар хотод оршин суудаг 2744 иргэний утасны дугаар бүхий мэдээллийг шилжүүлэн авч, уг иргэдээс гар утасны мессежээр 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл хүлээн авах программ боловсруулж, энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж байна.