Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.
Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.
Улаанбаатар хотод нэмж найман байршилд дугуйн зам байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд төлөвлөгдөж байгаа хэд хэдэн байршлуудад газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь шалгалаа. Хотын Захирагч хэлэхдээ “Явган хүний замыг өргөтгөж дугуйн замтай болгох асуудлыг стандартын дагуу хийх ёстой. Зарим аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайг хашиж явган хүн явах боломжгүй нарийнхан болгосон байна. Газар зохион байгуулалтын алба үүнд анхаарч хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн Хан-уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн эзэмшил талбайд байдаг Д.Сүхбаатар жанжны хөшөөний хэсэг хувийн компанийн эзэмшилд орсон нөхцөл байдлыг тодруулж, газрын эрхийг нь хүчингүй болгож, орчимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад даалгалаа.
Түүнчлэн Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрнээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох холбоос зам бий болгох, Туул гол дагуу энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг хотын Захирагч холбогдох албаны хүмүүст өглөө.
Шинээр байгуулагдсан хороогоор зочиллоо
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, зарим дүүргүүдийн хүн амын тоо ихтэй хороодыг хувааж, нийслэл хот өмнө нь 152 хороотой байсныг 173 хороо болгож тоог нь нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийн хүрээнд хотын Захирагч шинээр байгуулагдсан Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны байраар орж, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар асууж тодруулан, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал бий эсэхийг лавласан юм.
Хан-уул дүүргийн 17 дугаар хороо нь нийт 3024 өрхтэй зургаан хэсгийн ахлагчтай бөгөөд хороо түрээсийн байранд орж, бүрэн тохижсон талаар хорооны Засаг дарга Т.Баттөгс Хотын даргад уламжиллаа.
“Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн салбар төв тус хорооны байранд байрлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал хэвийн, иргэдийг олноор цуглуулахгүй нь тулд гэрээр үзлэг хийж, цахимаар жор бичиж байгаа талаар өрхийн эмнэлгийн удирдлагууд дуулгав.
Хотын Захирагч С.Амарсайхан яаралтай шийдвэрүүлэх асуудал бий эсэх талаар лавлахад эмнэлгийн зүгээс дуудлагын түргэний автомашинтай болох саналаа хэлсэн юм. Хотын Захирагч дүүргийн төсвөөр түргэний автомашиныг даруй шийдвэрлэх боломжтой хэмээгээд, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж, эмнэлгийн албан хаагчид шаардлагатай зүйлсээр хангаж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Хан-уул дүүргийн Цагдаагийн байранд ажиллаж, тулгамдаж байгаа асуудал бий эсэх талаар санал солилцлоо.
Цагдаагийн хэлстийн дарга, хурандаа Д.Манлайбаатар өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулга мэдээлэл өгөөд, Мишээл экспо дахь ННҮГ-ын харъяа хяналтын камерын өрөөг цагдаагийн хэлтэст шилжүүлж, нэгтгэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Албаныхан тус асуудлыг судалж үзээд хариу өгөхөөр болсон юм.