АНУ-ын Колумб мужийн холбооны шүүх Даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг албан тушаал хашиж байхдаа хувийн цахим шуудангаа албан захидал бичихэд ашигладаг байсан талаар мэдүүлэг өгөхийг шаардсан тогтоол гаргажээ. Энэ тухай мэдээллийн санд ирсэн шүүгч Ройс Ламбертын тогтоолд дурдсан байна. Ийнхүү шүүгч Ламберт хүний эрхийн “Judicial Watch” байгууллагын холбогдох нэхэмжлэлийг хэсэгчлэн биелүүлжээ. “Шүүх Хиллари Клинтоноос хувийн цахим шуудангаа ашиглах болсон шалтгаан болон Төрийн Департментын бичиг баримттай харьцах үүрэг хариуцлагын тухай түүний ойлголтын талаар мэдүүлэг авахыг хүссэн “Judicial Watch” байгууллагын нэхэмжлэлийг биелүүлж байна” гэж шийдвэрт дурджээ. 2015 онд Төрийн департаментын тэргүүн байхдаа Клинтон хувийн цахим шуудангаа албаны зориулалтаар ашигласан явдал нь ихээхэн шуугиан тарьсан юм. Дараа нь тэрбээр Гадаад харилцааны яаманд бүх ажлын шугамаар бичсэн захидлаа (55 мянган захидал) хүлээлгэн өгсөн бөгөөд харин хувийн захидлуудаа (30 мянга гаруй захидал) устгаснаас болж хатуу шүүмжлэлд өртсөн билээ. Холбооны мөрдөх товчоо Клинтоны захидал харилцаатай холбоотой асуудлыг шалгаад түүнийг буруутгах үндэслэл олоогүй талаар тус байгууллагын захирал Жеймс Коми 2016 оны 7-р сард мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэр оныхоо 10-р сард тэрбээр шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мөрдөн шалгах ажлыг дахин сэргээж буйг мэдэгдсэн юм. Эцэст нь 2016 оны 11-р сарын 6-нд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Коми нэмэлт шалгалт дуусаж, Клинтоныг буруугүй гэсэн дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байгааг мэдэгдсэн билээ.