Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. /2020-03-03/
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Халдвар гарсан гадны улсаас ирж буй иргэдэд 14 хоногийн хугацаанд өвчний шинж тэмдэг илэрсэн бол сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлана. Хэрэв шинж тэмдэг илрээгүй тохиолдолд тусгай бэлдсэн байранд ажиглалтад авч байгаа. Түүнчлэн БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд онгоцны буудал дээр шуурхай оношилгоо хийж өгөх хүсэлт тавин хариу хүлээж байна.
Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг Дарханд хоёр байршилд ажиглалтад аваад байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 812 хүнийг ажиглалтад авсан бөгөөд одоогийн байдлаар 435 иргэн ажиглалтад байгаа. Ажиглалтад авах байруудын ачаалал 50 гаруй хувьтай байна. Бид ДЭМБ-тай байнга хамтран цаг ажиллаж эмнэлзүйн туршилтуудаа хийсээр байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 2-нд гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, нийслэл болон орон нутагт нийт 100 хүнийг тусгаалан ажиглаж байна” гэсэн мэдээлэл хийлээ.