Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ.

Харин шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн байна. Ингээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноолоо.

Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Дашрамд дурьдахад, Д.Адилбаяр нь ШШҮХцгийн Криминалистикийн шинжилгээний газрын даргын албан тушаал хашиж байсан, цагдаагийн дэд хурандаа цолтой бол Ц.Болмон нь ГИХГ-ын дэд даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, цагдаагийн офицер асан юм.

UPDOWM.MN

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн