Өмнөд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпиний тухай баримтат кинонд 1992-2002 онд БНХАУ-ын Фужоу хот, Фужиан мужийн намын хорооны даргаар ажиллаж байхдаа эгэл жирийн ардууд намхан байшин барихын тулд хоёр уут цемент авах гэж зүдэрч байхад өөрийн гэсэн орон сууцтай атлаа эрх мэдлээ ашиглан төрийн өмчийн байр сууцыг авсан дарга түшмэдтэй хатуу тэмцэж, тэднээс албаны орон сууцыг нь хураан авсан тухай өгүүлдэг. Харин манайд эсрэгээрээ үйл явдал өрнөсөөр.
Монгол Улсад хууль тогтоогч төрийн түшээд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан, өөртөө болон хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, ЖДҮХС болон ХЭДС-гаас зээл аван эгэл жирийн иргэдийнхээ бизнес эрхлэх боломжийг хулгайлсан нь илэрч олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Гэвч дээрх сангуудаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүст хариуцлага тооцож чадалгүй өдий хүрч байна.
Тэгвэл батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага дээр өгүүлсэн УИХ-ын гишүүдийн нэгэн адил эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, өөртөө болон хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгож, сүүлийн 10-аад жилийн дотор төсвийн хөрөнгөөр барьсан, төвлөрсөн халаалттай орон сууцад орж, тухайн байраа түрээслэх, эсвэл хамаарал бүхий хүмүүсээ суулгасан тухай хэвлэлээр нэг бус удаа мэдээлсэн. Гэтэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тийм албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцох нь бүү хэл, тэднийг өөгшүүлж “Цэргийн орон сууц” хөтөлбөр баталж, албан тушаалын орон сууцуудыг эзэмшиж байгаа цэргийн алба хаагчдад нь анхны үнээр нь хувьчилж, түүнээс олсон мөнгийг дараагийн орон сууц барих эх үүсвэр болгохоор шийджээ. Тэд үүнийгээ “Зэвсэгт хүчний алба хаагчдад албан тушаалын орон сууц хүрэлцэхгүй байгаа бөгөөд нэмж барих гэхээр Зэвсэгт хүчний хөгжлийн санд мөнгө байхгүй” гэж тайлбарлав. Мэдээж тушаал аваад хөдөө, орон нутагт ажиллаж, тогтсон орон сууцгүй эгэл жирийн офицер, ахлагч нарт энэ бол таатай шийдвэр байх нь гарцаагүй. Гэхдээ хуулиа зөрччихөөд байгааг сануулахгүй байж чадсангүй. Тодруулбал, 2006 онд УИХ-аар баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болсон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зориулалтыг тодорхой заасан байдаг. Түүнд “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, одоо алба хааж байгаа офицер, ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах” гэж анх заасан байсан юм. Харин 2010 оны тавдугаар сарын 20-нд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улстөрчид, олигархиуд шахааны бизнес хийх боломжийг өөрсдөдөө бүрдүүлсэн юм.
Жил бүр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 хүнтэй батальон оруулахад л сард нэг сая таван зуун мянган ам.долларыг цэрэг хандивлагч орон авдаг. Мөн АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” буюу GPOI хөтөлбөрийн санхүүжилтээр жил бүр манай улсад “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль явуулдаг. Зөвхөн энэ хоёр арга хэмжээний санхүүжилтийг эхлээд манай улсын төсвөөс гаргаад дараа нь дээрх олон улсын байгууллага, гадаад орноос нөхөн төлбөр болгож буцаан өгдөг тухай олон нийтийн сүлжээнд зарим офицер бичсэн. Энэ сан нь анхны зориулалтаасаа гажиж батлан хамгаалах салбарын төсвийн цоорхойг нөхөж энд тэнд цэргийн ангийн шинэ барилга барих, хуучин барилга байгууламжуудын цоорхой дээвэр, хагархай дулааны шугамын засварт явдаг болсон нь нууц биш. Засгийн газрын 2011 оны тогтоолоор батлагдсан “Цэргийн алба хаагчдад орон сууцын дэмжлэг үзүүлэх журам”-д зааснаар бол цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд орон сууцын дэмжлэг үзүүлэх асуудлыг БХЯ нь тухайн жилийн төсвөөр баталсан хөрөнгийн хэмжээнд багтаан шийдвэрлэхээр заасан байдаг ч Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас хааяа л цөөн тооны алба хаагчдад дэмжлэг үзүүлж буй нь гэж уруул тослох төдий хэмжээний (5-6 сая төгрөг) мөнгө олгож, их юм өгсөн мэт сурталчилдаг.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалт зохион байгуулах арга хэмжээний санхүүжилтээр авсан чанаргүй бараа материалыг зах зээлийнхээс ч өндөр үнээр шахдаг нь нууц биш болсон. Захын жишээ дуулгахад өнгөрсөн жил “Хааны эрэлд” сургуулийн бүх оролцогсдын энгэрт зүүх пластик тэмдгийг нэг ширхгийг 3000 төгрөгөөр тооцож төлөвлөсөн хэрнээ цаасаар хийсэн тэмдэг шургуулдаг 250 төгрөгийн үнэтэй зүүлт өгсөн байсныг хэлэх алба хаагч олон. Ийм байдлаар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн мөнгөөр гараа угаачихаад “Мөнгө байхгүй учир албан тушаалын шинэ байр барих эх үүсвэрийг сүүлд ашиглалтад орсныг нь хувьчилж, дараагийнхыг нь барих эх үүсвэр бий болгоно” гэж буй нь харамсалтай. Өөрийн гэсэн орон сууцтай атлаа эрх мэдлээ ашиглаж албан тушаалын байранд орсон БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах албан тушаалтны гаргасан дээрх саналын цаана хувийнх нь өчүүхэн эрх ашиг нуугдсан гэх хардлага алба хаагчдын дунд бий. Гэвч уг санаагаа Засгийн газраар шийдвэрлүүлэх гэтэл төвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууцуудын байгаа газар нь улсын тусгай хэрэгцээний газрын жагсаалтад байсан тул УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар жагсаалтаас хасуулсан. Ингээд өнгөрсөн сард Засгийн газраар зах зээлийн өнөөгийн бодит үнээс хямдаар худалдах тогтоол батлууллаа.
Уг нь Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-д зааснаар тухайн орон сууц нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд одоо алба хааж байгаа байнгын бүрэлдэхүүнд зориулсан бөгөөд тухайн хүн зөвхөн уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа эзэмших эрхтэй байдаг юм билээ. Энэ журамд БХЯ, ЗХЖШ болон цэргийн анги байгууллагад ажиллаж байгаад цэргийн жинхэнэ албаа дуусган, тэтгэвэр, чөлөөнд гарсан, мөн алба хааж байгаа орон нутагтаа ийм орон сууцтай болон өөрийн өмчлөлийн хувийн орон сууц, хашаа байшинтай хүмүүс албан тушаалын байраа чөлөөлж, хүлээлгэн өгөх ёстой аж. Иргэний хуулийн 311.1-т “Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 311.2-т “Энэ хуулийн 311.1-т заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна” хэмээсэн байдаг. Зүй нь “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-д зааснаар дээрх тохиолдолд албан тушаалын орон сууцыг ашиглах гэрээг цуцалж, захиргааны санаачилгаар хураан авч, хүсэлт гаргасан дараагийн албан хаагчтай гэрээ байгуулан хүлээлгэн өгөх ёстой гэсэн үг. Гэвч хувьчлах гэж байгаа 590 орон сууцад хуулийн дээрх заалтыг зөрчсөн, нийслэлд албан тушаалын орон сууцтайгаас гадна хувийн сууц, хаустай БХЯ, ЗХЖШ, цэргийн анги байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд багтжээ. Тодруулбал, зарим генерал, хурандаа цолтон 2006 онд “Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийн дагуу хөнгөлөлттэй үнээр буюу 30 хувийг нь БНХАУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр, үлдсэн 70 хувийг өөрсдөө гаргаж, 2005-2006 онд Баянзүрх дүүргийн IV хорооны нутагт, “Жоби-72” дэлгүүрийн ард бариулж хувьчлан авсан байдаг аж. Тухайн байрнаас хөнгөлөлттэй үнээр авсан зарим хүн зах зээлийн үнээр дамлан зарсан ч гэдэг.
Улсын төсвийн хөрөнгөөр 2008, 2010, 2015 онд барьсан, нийслэл дэх төвлөрсөн халаалттай албан тушаалын орон сууцад орсон БХЯ, ЗХЖШ, цэргийн анги байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан болон одоо хашиж буй генерал, хурандаа нар байраа түрээслүүлсэн нь ч бий гэсэн. Энэ нь БХЯ-ны Барилга захиалагчийн товчоо, ЗХЖШ-ын Барилга, орон сууцны хэлтсээс явуулсан шалгалтаар илэрсэн юм билээ. Уг нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Харамсалтай нь, батлан хамгаалах салбарт үгүй бололтой. Ж.Орвелийн “Амьтдын ферм” зохиолд гардаг “Амьтан бүхэн тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй” гэгч л энэ салбарт байх шиг. Дорноговийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн албан тушаалын орон сууцад амьдарч байсан ахмад настнуудад Иргэний хуулийн 311 дүгээр заалт болон салбарын сайдын баталсан журам үйлчилж, шүүх байрыг нь хураан авах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл нийслэл дэх 590 орон сууцыг удирдах албан тушаалтнуудад хууль зөрчин хувьчлуулахаар шийдсэн нь албан тушаалын байртай болж чадаагүй олон алба хаагчийг бухимдуулж байна.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6.1.3 болон 6.1.5-д цэргийн хуаран дахь орон сууц, нийтийн байр, төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн тусгай алба хаагчдад зориулсан нийтийн зориулалттай орон сууц, байшин дахь сууцаас бусдыг нь хувьчилж болохоор заасан байдаг. Тэгэхээр Засгийн газраас БХЯ, ЗХЖШ-ын эзэмшилд буй 590 айлын орон сууцыг хувьчлах шийдвэр гаргахдаа дээрх хуулийг зөрччихөөд буй гэсэн үг. Өмнө нь ч уг хуулийг зөрчин Засгийн газрын 2000 оны 89, 2001 оны 191 дүгээр тогтоолоор 1034 өрхийн амьдардаг албан тушаалын орон сууцыг хувьчлуулсан байдаг.
Өнөөдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал, хурандаа нар албан тушаалын орон сууцад орохоос аргагүй болсон, орох орон, оочих аягагүй хүмүүс биш. Батлан хамгаалах салбарт ажиллагсдын дунд орон сууцын эрэлт, хэрэгцээ ямар байгааг доорх тоо баримтаас харж болно. Тус салбарт ажиллагсдаас 2018 оны байдлаар алба хаагчдын олонх буюу 65.2 хувь нь төвлөрсөн халаалттай тохилог орон сууцад амьдардаггүй бөгөөд тэднээс 788 цэргийн алба алба хаагч, мөн тус салбарт ажиллаж байгаад чөлөөнд гарсан 853 бэлтгэл офицер, ахлагч нар орон сууцаар хангуулах, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл ирүүлсэн байдаг юм билээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд ажиллагсдын ердөө 17.1 хувь нь л өөрийн гэсэн орон сууцтай, 17.7 нь албан тушаалын орон сууцад, 42.9 нь галлагаатай хувийн байранд, 13.3 хувь нь нийтийн болон хувийн түрээсийн байранд, 8.9 хувь айлтай хамт амьдардаг гэсэн статистик гарчээ. Албан тушаалын орон сууцанд амьдардаг 17.7 хувийн тодорхой хэсэг нь хувийн орон сууцтай, БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдах албан тушаалтны эзэмшилд бүртгэлтэй, бусдад түрээсэлж байгаа орон сууц гэж хэлж болох юм.
Хэрэв БХЯ, ЗХЖШ-ын удирдлага үнэхээр офицер, ахлагч нараа хайрладаг байсан бол одоо байгаа бүх албан тушаалын орон сууцыг хувьчилж, хөрөнгийн эх үүсвэр гарган, залуучуудыг албандаа сэтгэл хоёрдохгүй тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх байсан юм. Зөвхөн өөрсдийнхөө сууж байгаа байрыг л хувьчлуулах гэж ийм атгаг санаа гаргалаа гэх алба хаагч олон таарсан.
Батлан хамгаалах салбарын хэмжээнд албан тушаалын зориулалтаар барьсан болон анхны зориулалтыг нь өөрчилж орон сууц болгосон 2000 гаруй айлын албан тушаалын орон сууц байдаг боловч ихэнх нь барилгын насжилт өндөр, олон жил ашигласнаас барилгын чанар, даац муудсан, төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй аж. Дээрх орон сууцуудын 1000 илүү нь нийслэл болон Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хажууд байдаг. Тэднээс хүн амьдарч болохгүй сууц ч цөөнгүй. Тухайлбал, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан тушаалын гэх байр эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хоригложээ. Тэр байранд амьдардаг ахлагч нар уг сууцаа хувьчлуулж дахин төлөвлөлтөд оруулж өгөхийг хүсэн БХЯ, ЗХЖШ-таа удаа дараа хандсан ч дарга, удирдлага нь хуруугаа ч хөдөлгөөгүй аж. Түүнээс гадна дээрх ангийн мэдлийн, конторын зориулалтыг нь өөрчилж орон сууц болгосон Баянзүрх дүүргийн XIX хорооны нутагт орших байруудыг ашиглахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглосон тул ойрын үед нураахаар болжээ. Гэвч тэнд амьдардаг дээрх ангийн бага, дунд тушаалын офицер, ахлагч нар хаачихаа мэдэхгүй сууж байна.
Бэлтгэсэн: Д.Дайчин