КОРОНА ба ГЭМТ ХЭРЭГ
Өмнөд Солонгост корона вирусын халдвар тархаж олон нийтийн санааг маш ихээр зовоож байх үеэр дайны хажуугаар дажин гэж хууль зөрчсөн, гэмт үйлдэл гаргасан хүн нэлээд байжээ. Засгийн газар, Цагдаагийн байгууллагаас иргэдийн сэтгэл санаа тавгүй энэ үеийг далимдуулан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хамгийн хатуу хариуцлага тооцохоо анхааруулаад байна. Үүнээс багцлан хүргэе.
1. Коронатай өвчтөн эмнэлгийн ажилтны нүүр рүү нулимав.
Өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүд нэгэн ой гутмаар үйл явдлын талаар нэлээн шуугив. Энэ сарын 23-ны өдөр корона вирусын халдвараар сэжиглэгдсэн Тэгү хотын иргэн эмэгтэй В-д (20-иод насны) шинжилгээ хийж 25-ны өдөр гарсан хариугаар халдвар авсан нь баталгаажигдсан юм. Тэгү хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүйн улмаас гэртээ тусгаарлагдаж байсан түүнийг 28-ны үүрийн 3 цагт авахаар очсон Эрүүл мэндийн төвийн ажилтан А-г(44 настай) занаж зүхэн харааж, түүний нүүр рүү нулимсан хэрэг гарав. Энэ асуудлаас болж Эрүүл мэндийн төвийн ажилтан шууд тусгаарлагдан, коронагийн шинжилгээнд орж хариугаа хүлээж байна. Түүний хариу 1-2 хоногийн дараа гарна.
Түүнийг Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар боллоо. Энэ хуулийн санкц нь нэлээн өндөр буюу 5 жил хүртэл хорих мөн 10 сая хүртэлх воноор торгох заалттай байдаг.
2. Интернэт худалдаагаар маск бөөндөнө гэсэн луйвар
А гэгч 2 сарын эхээс саяхныг хүртэл онлайн худалдаагаар маск бөөндөнө хэмээн бөөний худалдааны 7 аж ахуйн нэгжид нийт 235 сая воны хохирол учруулсан нь баригдаж баривчлагдав. Тэрээр бөөний худалдааны компаниудад “Би маскны үйлдвэртэй. Гадуур байгаагаас хямд нийлүүлнэ” гэж худал ярин тус аж ахуйн нэгжүүдээс урьдчилгаа мөнгийг шилжүүлж авангуутаа алга болсон байна. Энэ залилангийхаа ажилд маскны бөөний худалдааг жинхэнээсээ хийдэг компаниудыг татан оролцуулж дээрхи компаниудыг луйвардсан байна.
Мөн хорих газраас гарахын тулд корона19-ийн халдвар авсан гэж худал ярьж нэмж гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад “Би халуураад байна. Манай найз охин саяхан Тэгү яваад ирсэн юм” гэсний дагуу түүнийг тусгаарлаж шинжилгээнд оруулсны дараа хариу нь сөрөг буюу халдваргүй гарсны дараа л цагдаа нар худлаа ярьсныг нь мэдсэн байна.
Энэ хүн нь Эрүүгийн хуулийн “залилан”-гийн гэмт хэрэг болон “төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулах” гэх мэт үйлдэлд эрүү үүсгэгдэн шалгагдаж байна.
Эрүүгийн хуульд заасан залилангийн гэмт хэргийн ял нь “Хүнийг хууран мэхэлж их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 10 жилийн хорих ял эсвэл 20 сая хүртэлх воноор торгох” санкцтай байдаг.
3. Коронатай холбоотой худлаа мэдээлэл тараав
Корона вирусын тухай төрийн албан байгууллагаас цаг үеийн мэдээллэл болох “Халдвар авсан хүн байхгүй ” гэсэн бичгэнд засвар хийн “Халдвар авсан 1 хүн байна” гэж бичиж тараасан А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэр баригдахдаа “Найздаа тоглоомоор л явуулсан чинь ингээд нийтэд тарчихсан байна” гэж мэдүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хуульд заасан “5 жил хүртэлх хорих ял эсвэл 15 сая хүртэлх воноор торгох” ялтай байдаг.
4. Чанарын шаардлага хангаагүй маскны худалдаа
Цагдаагийн байгууллагаас маскны үйлдвэрлэл эрхэлдэг А гэгч (51 настай) өнгөрсөн оны 11 сард Хүнс, эмийн агентлагаас гаргасан устгах шийдвэрийн дагуу агуулахдаа устгалд оруулахаар түр хадгалж байсан ширхэг нь 1000 воны үнээр энгийн үед худалдаалагддаг хүүхдийн маскыг 1200 воноор бөөний төвүүдэд худалдаалсан зөрчлийг илрүүлэв. Түүнээс бөөндөж авсан маскаа жижиглэнгээр ширхэгийг нь 2500-4500 воноор борлуулсан байна. Засгийн газрын зөвшөөрлийг авч чадаагүй, чанарын шаардлага хангахгүй маскийг нэг долоо хоногийн дотор 55,000 ширхэгийг зарж худалдаалсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн “залилан” болон “Эм зүйчийн тухай хууль”-ийн дагуу эрүүгийн болон захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна.
Энэ мэт масктай холбоотой гэмт хэрэг маш ихээр гарч байгаа ба цаг үеийн нөхцөл байдлыг далимдуулан хийсэн иймэрхүү үйлдлүүдэд хүндрүүлсэн ял оногдуулдаг.
БНСУ, Сөүл хот
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
3 comments
Ишшшш энэ гарчиг марчигных нь байж байгааг чааваас даа
Этгээд хэллэг хэнд хэрэгтэй юм бэ? Нэлээд гэдэг нь олон их хэмжээтэй гэсэн утгатай үг биздээ. Тэгэхээр “нэлээдгүй” гэдэг нь бага, их биш, нэлээд биш гэсэн үг үү. Утга нь эсрэгээрээ байхад ийм үг хэрэглэх нь хэлийг бохирлож одоогийн та нарын ярьдгаар гажигтай болгож л байна даа. Уг нь сэтгүүлчид эх хэлээ зөв цэвэр байхад тэргүүлэх ёстой байтал, гажуудуулах, этгээд болгохын үлгэр дуурайлал бологчид, уриалагчид болжээ. Үүнд анхаарах ийм этгээд утгыг нь алдуулсан үг хэрэглэхгүй байхад бүгд анхаараач ээ!
Солонгосууд угаасаа л ийм бөгс хүмүүс шүү дээ