Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусын халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргалаа.
Тус захирамжид зааснаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулах, тус захирамжид хамаарах ажилтны албан үүргийн зохицуулалтыг зохион байгуулж, байгууллагын хэвийн ажиллагааг хангах, тухайн ажилтны цалин хөлсийг бүтэн ажилласанд тооцож олгохыг дээр дурьдсан нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудад зөвшөөрөн ажиллахыг үүрэг болгосон байна.
Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ