Хонгконгийн эдийн засаг уналтад ороод энэ цаг үед тус хотын засаг захиргаа иргэддээ бэлэн мөнгө тараана гэдгээ зарлаад байна. Тус хотын насанд хүрсэн иргэн бүр 1200 ам.долларыг бэлнээр авна.
Тодруулбал, Хонгконгын байнгын оршин суугчдад мөнгө тараах нь эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Азийн санхүүгийн төв болох Хонгконгийн иргэдийн дунд нийт 120 тэрбум хонгконг доллар буюу 15.4 тэрбум ам.долларыг тараах юм. Энэ тэтгэмжийн хөтөлбөрт Хонгконгийн байнгын оршин суугч, 18- аас дээш насны бүх иргэн хамрагдана. Энэ нь тус хотын 7 сая иргэн 10000 хонгконг доллар буюу 1280 ам.долларыг бэлнээр хүртэнэ гэсэн үг.
Хонгконгийн Сангийн сайд Паул Чан саяхан танилцуулсан илтгэлийнхээ үеэр тус хот 15 жилийн хугацаанд анх удаагаа төсвийн алдагдалтай нүүр тулж байгаа анхаарууллаа. 2019 оны 3-р улирлаас эхэлсэн эдийн засгийн хямрал ийнхүү улам гүнзгийрч байгаа юм. Хятадын хоёр тусгай захиргааны бүсийн нэг болох Хонгконгийн ирэх санхүүгийн жилийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.
АНУ-Хятадын хоорондох худалдааны дайн, олон сар үргэлжилсэн Хонгконгийн оюутнуудын жагсаал эдийн засгийн уналтад ихээхэн нөлөө үзүүлсэн гэдгийг тус хотын Сангийн сайд учирлажээ. Бэлэн мөнгө тараахаас гадна Хонгконгийн иргэдэд оногдуулж байгаа орлогын албан татварыг бууруулахаар болсон байна. Гэхдээ энэхүү татварын хөнгөлөлт бүх иргэнийг бус харин 2 сая оршин суугч хамрах юм. Сонирхуулахад 2019 онд Хонгконгийн эдийн засгийн үзүүлэлтүүд 1.2 хувиар буурсан байна.