Европын виз олгохтой холбоотой нөхцөл байдал хурц байна хэмээн шинжээчид тодорхойлж байна. Гурван долоо хоногийн өмнөөс шинэ журам хүчин төгөлдөр болсон хэдий ч одоохондоо шилжилтийн шатандаа байна. Бичиг баримт бүрдүүлж өргөн мэдүүлэх хугацаа, “мульти” эсвэл богино хугацааны виз гээд бүгд эргэлзээ төрүүлж, асуудал үүсгэж байгаа аж. Шенгений визийг одоо хэрхэн авч байгаа талаар РИА Новости – гийн материалд ийн өгүүлжээ.
Хэзээ өргөн мэдүүлэх
Асуумж (анкет), хугацаа гээд олон зүйл өөрчлөгдсөн. Богино хугацааны болон мульти виз олгох журмыг нэгдсэн нэг хэв маягтай болгожээ. Гэхдээ шинжээчдийн хэлж ярьж байгаа дэл сул мэдээллээс үзвэл эдгээр шинэчлэл заавал хийх ёстой ч зүйл бас биш, консулын газруудын үзэмжээр хэрэгжих бололтой.
Урьд нь виз мэдүүлэх хамгийн дээд хугацаа аяллаар явахаас гурван сарын өмнө, хамгийн бага хугацаа тухайн улс орноос шалтгаалдаг байсан.
Одоо хагас жилийн өмнө, мөн онгоцны нислэгээс хуанлийн 15 хоногоос наашгүй хугацаанд бичиг баримтыг хүлээж авдаг болсон хэмээн Африк, Австрал, Ази, Европ болон ТУХН-ийн орнууд дахь Visa Facilitation Services Global-ын тэргүүн Житен Вияс тайлбарлав.
“Гэхдээ Чех, Итали, Франц, Грек улсын консулын газрын төлөөлөгчидтэй хийсэн ажлын уулзалтууд дээр бичиг баримтыг хуучин журмаар, аяллаар явахаас арав, долоо, тав хоногийн өмнө авч байхаар хичээж байгаа гэж бидэнд хэлсэн” хэмээн Европын орнуудаар явах аялал жуулчлалын оператор компанийн визийн хэлтсийн удирдагч Иван Балановский тодотгов.
Зарим улс орон шинэ журмыг хатуу дагаж мөрдөж байгаа болохоор азаа үзэх хэрэггүй бололтой. Тухайлбал, Эстонийг зорьсон аялагчид явах өдрөөсөө 15 хоногийн өмнө визийн бичиг баримтаа өргөн мэдүүлэхэд цаашдаа 16 хоногийн өмнө мэдүүлж байхыг хүссэн тухай аялал жуулчлалын нэг компанийнхан бидэнд өгүүлсэн.
“Испани руу явахаас арав хоногийн өмнө өргөн мэдүүлсэн бичиг баримтыг хүлээж аваагүй гэж жуулчид бидэнтэй утсаар ярьсан. Олон консулын газар яаралтай виз гаргахаа больсон. Мөн виз олгох хугацааг хуанлийн таван өдрийн оронд ажлын таваас долоо хоног болгож сунгасан” хэмээн визийн асуудал эрхэлсэн компанийн Шенгений хэлтсийн дарга Наталия Любомирова өгүүлэв.
Тэрээр мөн нислэг эхлэхээс хэд хоногийн өмнө Герман явах зөвшөөрөл авч болно хэмээн нэмж хэлэв.
Еврокомиссын хэвлэлийн албаны мэдээллээр бол визийн мэдүүлгийг хянаж боловсруулах хамгийн дээд хугацаа 15 өдөр, зарим тохиолдолд бичиг баримтыг нягталж судлах шаардлага гарвал 45 өдөр хүртэл үргэлжилж болох ажээ.
Хэрхэн өргөж мэдүүлэх
Хоёрдугаар сарын 2-ноос эхлэн визийн хураамж 80 евро хүртэл нэмэгдсэн, гэхдээ энэ нь оросуудад хамаарахгүй юм байна. Оросын жуулчид, оросын иргэд болон өөр бусад хэд хэдэн улс орны хувьд визийн хураамж 35 евро ажээ. Хүргэлт, VIP өрөө, тохиромжтой цагтаа өргөн мэдүүлэх зэрэг нэмэлт үйлчилгээг оруулахгүй бол визийн төвийн үйлчилгээний үнэ гол төлөв 30 еврогоос хэтрэхгүй.
Асуумж шинэ боловч доторх асуултууд нь бараг хуучин хэвээр.
Саявтархан Грекийн консулын газарт хандсан Москвагийн бүсгүй Ольга Шмелевагийн хэлснээр өмнө нь авч байсан визийн тухай заалт байхгүй болсон аж. “Гэхдээ өмнө нь авч байсан визийн талаарх мэдээллийн хуулбарыг хавсаргах хэрэгтэй юм байна. Сүүлийн гурван жилийн дотор авсан “шенген”-тэй паспортын хуудас, мөн өмнөх бичиг баримтын цээж зураг бүхий нүүрийг яаралтай “ксероксдох” хэрэг гарсан” хэмээн тэрээр хэл дуулгав.
Мөн зарим улс орны асуумжаас ямар хугацаатай виз мэдүүлж байгаа тухай заалт байхгүй болжээ. Зөвхөн аяллын он, сар, өдрийг (огноо) заах шаардлагатай юм байна.
Урт дараалал (оочер) байхгүй. “Үйлчлүүлэгч бичиг баримтаа хуулбар, цээж зургийн хамт бүрэн бүрдүүлж ирэх аваас үйл явц 30 орчим минут үргэлжилнэ” хэмээн Житен Вияс онцлов.
Ямар хугацаагаар виз олгох
Шинэ журамд визийн хугацаатай холбоотой сюрприз бага байх учиртай. Хоёр жилийн дотор гурван удаа богино хугацааны виз авсны дараа нэг жилээр, дараа нь хоёр жилээр, тэгээд таван жилээр виз олгоно.
Жуулчдын хувьд энэ нь сайн, муу хоёр талтай. Жишээ нь, Испани, Грек, Итали, Франц зэрэг улс орон урьд нь цэв цэвэрхэн паспортанд ч “мульти” виз олгодог байсан. Норвег мэтийн бусад зарим улс орон Европоор аялаад сурчихсан хашир туршлагатай аялагч нарт ч хүртэл зөвхөн аяллын хугацааны л зөвшөөрөл олгодог байсан.
Оросуудын хувьд урьдын адил хялбаршуулсан журмаар урт хугацааны виз авах болно гэдгийг ОХУ-ын ГХЯ-наас нотлов. Тэр бүү хэл анх удаа виз мэдүүлэхэд ч нэг жил хүртэл хугацаагаар олон удаагийн виз авах боломж бий гэнэ.
Ямар консулын газар өгөөмөр сэтгэл гаргахыг тааж мэдэхэд амаргүй. Тухайлбал, хоёрдугаар сарын 2-ноос хойш урт хугацааны визтэй паспортанд италичууд хагас жилийн хугацаатай “шенген” тавьсан тохиолдол бий аж. Гэтэл, хоёр жилийн визний дараа таван жилийн зөвшөөрөл авсныг саяхан олж харснаа Иван Балановский онцлов.
Францууд харин “мульт” визийг элбэг олгосон хэвээр байгаа тухай шинжээчид өгүүлэв. Саяхан латвийнхан гурван цэвэр паспортанд хагас жилийн болон нэг жилийн хугацаатай орж гарах зөвшөөрөл өгсөн ажээ.
Хатуу чанга консулын газрууд дэг журмаа зөөллөх байх хэмээн аялал жуулчлалын фирмийн төлөөлөгчид хүлээж найдсаар байна. Саяхнаас норвегүүд хоёр жилийн хугацаатай, австричууд урт хугацааны (тэд урьд нь гол төлөв аяллын хугацаагаар хязгаарладаг байжээ) виз олгох болсныг анзаарчээ.
Одоо бол урьд нь ямар визтэй байсныг төдийгүй тэдгээр визээ хэрхэн ашигласныг онцгой чухалд авч үзэх болсон.
Нэвтэрч орох нөхцлийг сайтар дагаж мөрдөж байгаа хүмүүст л олон удаагийн бичиг баримт олдох бөгөөд үүнийг дахин дахин маш нарийн нягталж шалгах болно хэмээн Еврокомисс тодотгов. Өөрөөр хэлбэл, зорчих улс орны консулын газарт хандах хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ хэд хэдэн улс орноор явах гэж байгаа бол аль удаан хугацаагаар байх улс орны консулын газарт хандана. Хэрвээ зорчих хугацаа бүгдэд адилхан бол эхлээд очих улсын консулын газарт хандана.
Д.Энхээ, Polit.mn