УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар гуравдугаар сарын 2-ноос эхлэх байсан нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15 хүртэл хойшлууллаа.
Монголын хилээс 100 гаруй км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бичигт, Булган боомтоор хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл түүхий эд экспортлохыг хориглоод байсан юм. Экспортыг эхлүүлэх хугацааг сунгасныг УОК-ын дарга Ө.Энхтүвшин: “Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн” хэмээн тайлбарлав.
БНХАУ-ын ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар, халдварт өвчний 37 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүн байхгүй, харин эдгэрсэн хүний тоо өндөр байна. Тодруулбал, Богд суманд 6 тохиолдлоос 5 нь эдгэрсэн, Ордос хотод 11 тохиолдлоос 9 нь эдгэрсэн, Шилийн гол аймагт 9 тохиолдлоос 2 нь эдгэрчээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр БНХАУ-д коронавирус /COVID-19/-ний 78 499 тохиолдол бүртгэгдсэнээс 2747 хүн нас барж, 32 544 хүн эдгэрсэн бол 8346 хүний биеийн байдал хүнд байна.