Иран улсын эрүүл мэндийн дэд сайд шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн болохыг эх сурвалжууд мэдээллээ.
Дэд сайд Ираж Харирхи өнгөрсөн Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Иран улс халдварын бодит тоо баримтыг нуун дарагдуулсан гэх мэдээллийг няцааж байв. Энэ үеэр түүний биеийн байдал тавгүй байжээ. Мөн тус улсын парламентын нэг гишүүн халдвар авсан нь тогтоогдсон байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар тус улсад халдвараар өвчилсөн 15 хүн нас барж, халдварын 95 тохиолдол бүртгэгдсэн тухай албаны мэдээ байна.
Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсыг бодит тоо баримтаа нууж байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд дэлхийн бүх улс орнуудад хандан коронавирусийн гамшгийн асуудлаар нээлттэй, ил тод ажиллахыг уриалжээ.
Ирак, Кувейт, Афганистан, Пакистан, Саудын Араб зэрэг хөрш улсууд нь Ирантай залгаа хилээ хааж, аяллын хориг тавиад байна.