БНСУ-д 35 настай Монголын харьяат элэгний архаг үрэвсэлтэй эрэгтэйгээс Коронавирусын халдвар илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас өглөө мэдээллэсэн билээ.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар тухайн иргэн нь хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлгээр үйлчлүүлж, шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан. Хамт явсан эхнэр, эгчид нь шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ өвчтөний нууц үеийн хугацаа зэрэг олон талаас тооцож үзэхэд энэ хүн БНСУ-ын дүүргийн эмнэлгээр шинжилгээ хийлгэж явахдаа тус улсаас халдвар авсан байх өндөр магадлалтай гэнэ.
Ийнхүү мэдээлэл өгсөний дараа 12.00 цагийн орчимд халдвар авсан монгол хүн нас барсан гэх мэдээлэл түгэж эхлэв. Уг мэдээллийг албаны эх сурвалж өгсөн гэж хэвлэлүүд тайлбарлаад байна. Харин Эрүүл мэндийн яамнаас “Одоогоор иргэний биеийн байдал маш хүнд байна” гэх мэдээллийг өгөв.
Нийгмийн сэтгэл зүй айдас, түгшүүрт автсан, сэтгэл зүй нь тогтворгүй байгаа нөхцөлд иргэдийг төөрөгдүүлсэн, айлгасан мэдээг албаны эх сурвалжууд тараах нь эрсдэлт нөхцөл байдлыг нэмэгдүүлэх муу талтай. Тиймээс албаныхан мэдээллээ баттай болгосон хойноо нийтэд түгээх нь зөв болов уу?
Түүнчлэн ХМХ-үүд мэдээллийг олон эх сурвалжаас авч болох ч ийм цаг үед төр засгийн зүгээс баталгаажсан мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх нь сэтгүүл зүйн ёс зүй талаасаа нөгөө талаар нийгмийн сэтгэл зүйг зөв тийш нь залахад чухал үүрэгтэй. Түүнээс сонссон дуулсан болгоноо нийгэмд хамаагүй гаргаад байвал мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломж олгохгүй, нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, эрдэлтэй өнөөгийн нөхцөлд хохирол амсах эрсдлийг улам бүр нэмэгдүүлнэ гэдгийг ухамсарлах ёстой.
Нийгмийн сэтгэл зүйг удирдах, тайван байдлыг хадгалахад гол нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь аливаа эрсдлийн хор хохиролыг бууруулахад нэгдмэл байх нь чухал. Япон, Солонгос зэрэг улсуудад маш олон монголчууд ажиллаж амьдарч байгаа бөгөөд гэр бүл нь Монголдоо байгаа. Тиймээс Коронавирусын халдвартай холбоотой аливаа мэдээ мэдээлэл тэдний сэтгэл зүрхэнд нь шууд хүрч байгаа. Мэдээж түргэн шуурхай байх байх бусдаас түрүүлэх нь чухал байдаг ч ямар сэдвийг чухалчилах вэ гэдгээ бодох хэрэгтэйг сануулъя.
Б.ИРЭЭДҮЙ
1 comment
Ene uvchin yaj ilerdeg ve?