Монгол Улсын тэргүүлэх эрдэмтэд, академич Ш.Болд, П.Нямдаваа шинэ төрлийн коронавирус /Covid-19/ талаар урьдчилан сэргийлэх, эмчлэх зөвлөмжөөс…
– Ханиад халдварласан байж болохуйц сав суулгыг холих, олон нийтийн газар зорчихоос урьдчилан сэргийлэх, цаг үргэлж өөрсдийн орон гэрийн гадна, дотно орчны хогийг цэвэрлэж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж, нус, шүлс, баас, шээсээ байшин, хашааны булан тохойд болон ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.
– Өөрт ханиад өвчин тусваас амандаа хаалт хийж бусдад халдааж түгээхгүйг эрхэмлэх хэрэгтэй. Ханиад өвчнийг хүндрүүлэхгүйн тулд бие махбодыг халуун хүйтэнд харшуулахгүй байж машид халуун газар ам цангахаас бусад тохиолдолд хүйтэн болон мөстэй ус хэрэглэж үл болно.
-Хоолонд улаан, шар халуун ногооны төрөл, архи дарс, хуучирсан тараг, шорвог хоол, боов талханд хуучирсан тос түрхэж идэх, хайрч хуурсан төрлийн хоол, хэт чихэрлэг, хэт гашуун идээ, ундааны төрлийг цээрлэх нь уг өвчнийг хүндрүүлэхгүй байхад тус болно.
-Ялангуяа хуучирч муудсан идээ, ундаа нь ханиадыг ихээр хүндрүүлдэг байна.
-Ханиад хүрсэнээс хойш 21 хоног хүртэл бие, хэл, сэтгэлийн ширүүн явдлыг хичээн тэвчих хэрэгтэй.
-Буцалсан усыг ихээр ууж, бие, хэл, сэтгэлийг машид тайван байлгах ба өглөө 5.00-6.00 цагийн хооронд хоол идээгүй өлөн үедээ 20-35 минут амьсгалын дасгал, бясалгалыг хийвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн өвчнийг цаашид даамжруулахгүй байх ихээхэн ач холбогдолтой.
-Өглөө, өдөр, оройн хоолыг тогтсон цагт идэж шөнөдөө 7-8 цаг унтаж амрах шаардлагатай.
-Дээрх урьдчилан сэргийлэх аргуудыг хичээнгүйлэн мөрдөхөөс гадна агаар нь бохирдсон орчинд аль болох явахгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Өөрийн ханиад өвчнийг бусдад халдаахгүйн тулд гэр бүлийн гишүүдээс хэрэглээний зүйлс болон хоол, унд, аяга, халбага гэх мэтээ тусгаарлаж үлдэгдэл хоол, ундаа бусдад өгөхгүй байх нь чухал.
-Ус их хэрэглэвээс өвчнийг шинэ үест нь илааршуулах бололцоо байдаг. Европ эм хэрэглэхийн өмнө Цагаан тан, Норов-7 танг уух, эдгээр танг сүүтэй, цайнд хийж хандалж уух, дээр нэгэнт дурьдсан “9 харын үрэл” буюу Римсүрэнг буюу өнчин сармис зүүвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид өвчинг хүндрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой.
-Уламжлалт анагаах ухааны ёсоор бол халдварт ханиадын ерөнхий эмчилгээнд: эхний үед халууныг буулгаж засах нь маш чухал байдаг. Үүнд: Цагаан тан, Норов-7, Лидэр-7 (Лидэр, мана, арүр, барүр, жүрүр, дэгд, хонлэн) тан зэргийг хэрэглэдэг. Одоо үед эдгээрийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бэлтгэж хэрэглэх буюу уламжлалт эмийн сангуудаас авч хэрэглэж болно. Бүлээн халуун усыг ихээр уух, аарц буцалгаж уух, шинэ мах хэрэглэх, хайрч шарсан хоол болон тос ихтэй шөл, будааны шөл зэргийг идэхийг тэвчиж, халуун дулаан тэнцүү орчинд шингэхэд хялбар хоол ундыг ихэвчлэн хэрэглэх нь зүйтэй юм.
-Түүнчлэн Эрхэм-8 (Гиван, цагаан зандан, жуган, гүргэм, дэгд, башига, хонлэн, цагаан бона), Лоцадгүнсэл-уушгины халуун бүгдийг арилгагч /Уушги-18/ (Жуган, мэхээр, гүргэм, гиван, цагаан зандан, улаан зандангаар гол болгоно), Баатар-7 (Бона-гийн соёо, ар үр, ортууз, марина, гүгэл, шунх, заар), Чун он-9 /Хөх гарьд-9/ (Бона, хонлэн, сороол, гүгэл, мэхээр, ортууз, ар үр, мана, хонголзуур), Жуган-25 (Жуган, чихэр өвс, цагаан үзэм, цагаан сороол, мэхээр, руда, чацаргана, гүргэм, зүрхэн цэцэг, цагаан сира, гиван, цагаан зандан, улаан зандан гэх мэт 25 найрлагатай), Брүнаг-29 /Балчиргана-29/ (Хар балчиргана, номхотгосон бона, лидэр, бона-гийн соёо, нимба, жуган, өвсөн дэва, өргөст хөх гэх 29 найрлагатай)-ийг өвчний явцад нь тохируулан ууна.
-Сүүлийг нь таслах буюу эмчилгээний адагт хий босохоос сэргийлж Агар-35 (Хар агар, улаан агар, цагаан агар, цагаан гүгэл, зүрхэн шош, номхотгосон хүнцэл, анар, улаан зандан, цагаан зандан, жуган, цагаан сороол гэх мэт 35 найрлагатай), Ран агар-8 (Хар агар, зүрхэн шош, жуган, цагаан сороол, гүргэм гэх мэт 8 найрлагатай)-ын найрлагыг өвчний байдалд тохируулан өгнө.
Ш.БОЛД
П.НЯМДАВАА