Америкийн нэгэн эмэгтэйн Мэн мужид 1973 онд гээсэн сургуулийн бөгж нь Финляндын ойгоос олджээ. Дебра Маккенна ахлах ангид сурч байхдаа Портлендэд бөгжөө гээжээ. Харин 47 жилийн дараа Финляндад металл илрүүлэгчээр 20 см-ийн гүнээс энэ бөгжийг олох хүртэл тэр энэ бөгжөө бараг мартчихсан байв.
Энэ бөгж нь түүний талийгаач нөхөр Шоных нь байсан бөгөөд тэд дунд сургууль, коллежид байхдаа үерхдэг байжээ. Тэд 40 жил ханилаад, нөхөр нь 2017 онд өөд болсон юмсанж. Шон коллежид суралцахаар явахаасаа өмнө хайртай найз охин Дебрадаа энэ бөгжийг бэлэглэсэн боловч охин их дэлгүүрт мартаад гээчихжээ.
Маккенна өнгөрсөн долоо хоногт шуудангаар энэ бөгжөө аваад маш их уйлсан гэнэ. “Сөрөг бүхнээр дүүрэн энэ ертөнцөд хүмүүс бусдын төлөө хөлс хүчээ зарцуулж байна гэдэг үнэхээр сэтгэл хөдөлгөм хэрэг. Энэ ертөнцөд сайн хүмүүс байдаг, тэдэнгүйгээр орчлон оршин тогтнох боломжгүй” хэмээн ярьсан байна.
Финляндын хэвлэлийн мэдээллээс үзэхэд нутгийн нэгэн дээвэрчин Марко Сааринен металл илрүүлэгч бариад Финляндын барууны өмнөд хэсгийн нэгэн жижигхэн хот болох Каарингийн цэцэрлэгт хүрээлэнгээр явж байхдаа олсон гэнэ. Тэрбээр “Morse High School” буюу “Морзе ахлах сургууль” гэсэн бичгийг нь хараад сургуулийн төгсөгчдийн захиргаатай холбогдсон байна. Ингээд захиргаанаас энэ бөгжийг Шоных болохыг нь тодорхойлжээ. Учир нь энэ бөгжин дээр “СМ” гэсэн үсэг сийлж, 1973 он гээд дурайтал тэмдэглэжээ. Энэ бөгж харин хэрхэн Финляндад очсон нь оньсого хэвээр байна.
Э.МАРТ
https://lifter.com.ua/
2 comments
Бөгж биш бэлзэг байна шүү.
men gedeg muj baihgui MA buyu Massachusetts Portland