Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хэрэглэгчийн мэдээллийн 1800-1284” төвд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах 9 эмийн сан, 1 эм ханган нийлүүлэх бөөний төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад хамрагдсан 9 эмийн сангаас хоёр эмийн сан нэг удаагийн амны хаалтыг 1100 -1200 төгрөгөөр худалдан борлуулж байсан бол 3 эмийн санд амны хаалтны нөөц байхгүй, дууссан, бусад эмийн сангийн хувьд даавуун амны хаалт болон Япон, БНСУ-д үйлдвэрлэсэн шүүлтүүр бүхий амны хаалтыг худалдаалж байсан.
Хяналт шалгалтаар амны хаалтны нийлүүлэлтийг зохиомлоор багасгаж хомсдол үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин нөөц дууссан учраас олон нийтийн сүлжээгээр болон хувь хүмүүсээс амны хаалт худалдан авч байна гэсэн тайлбарыг эмийн сангуудаас өгч байсан. Тайлбар, мэдээллийн дагуу шалган үзэхэд хувь хүмүүс олон нийтийн цахим хуудас, фейсбүүк групп, фейсбүүк хуудас ашиглан нэг удаагийн амны хаалтыг 1000-1500 төгрөг, N-95 амны хаалтыг 3000-4000 төгрөгөөр бөөнөөр эмийн сангуудад борлуулж байгаа нь амны хаалтны үнийг зохиомлоор өсгөх нөхцөлийг бий болгож байгаа нь тогтоогдсон. Иймд амны хаалтны үнийн хөөрөгдөл үүсгэж буй иргэдийг олж тогтоож, холбогдох арга хэмжээг авахаар Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн 1800-1284” төвд хэрэглэгчээс “Чигатуссин” эмийн сан амны хаалт авахад НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд тус эмийн сан нь 9500 төгрөгийн худалдан авалтад 4000 төгрөгийн НӨАТ-ын баримт өгсөн, 11000 төгрөгийн худалдан авалтад 8800 төгрөгийн НӨАТ-ын баримт өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгаж байна.
Мөн улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын үед иргэд, хэрэглэгчдийг эм, эмнэлгийн хэрэгсэл болон ариутгагч бодис, амны хаалтаар тасалдалгүй, хүртээмжтэй хангаж, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үнийн хэт хөөрөгдөл бий болгохгүй ажиллах талаар “МЭДЭГДЭЛ”-ийг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, эм хангамжийн төвүүд болон сангуудад хүргүүллээ.