Африкийн өмнөд хэсэгт литий-ион зай хураагуурт шаардлагатай хямд кобальтын уурхай оршдог. Литий-ион зай хураагуурыг Apple, Samsung, томоохон автомашин үйлдвэрлэгчдийн гаргадаг ухаалаг гар утас, нөүтбүүк, цахилгаан машин зэрэгт хэрэглэдэг билээ.
Маямба Сидики бол манай гарагийн хамгийн ядуу хэрнээ, кобальтын хамгийн баялаг ордтой улсад энэ ашигт малтмалыг олборлодог уурхайчин юм. Тэрбээр дэлхийн ложистикийн ийм том сүлжээнд өөрийгөө чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдэх ч үгүй.
Үүр дөнгөж хаяармагц тэрбээр эхнэр, хүүхэдтэйгээ хамтр амьдардаг өрөөнийхөө нэг буланд хэвтэх хүрз, алхаа бариад л гардаг. Тоостой цамц, хүрмээ өмсөөд л тэр шөнө дөл болтол уурхай дээрээ ажиллахаар явж байгаа нь тэр.
Тэрээр газар доорх хонгилд унтана. Харин хамгаалалтын хэрэгсэл, ажлын багаж зэвсэг гэж түүнд үгүй. Түүний ажил дээр уурхайн хана нурах бол байнга л тохиолддог, үхлийн эрсдэлтэй асуудал юм.
Уурхайд 4 настай хүүхдээс эхлээд насанд хүрээгүй олон хүнд хүнд, аюултай нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг байна. Тооцооллоос үзэхэд Конгод 100 мянга шахам уурхайчин гараар ухсан, аюулгүйн ямар ч аргагүй хэмжээ аваагүй хэдэн арван метр гүн уурхайд олборлолт хийдэг байна. Аюулгүй байдлаас гадна энд амьсгалын зам, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал их үүсдэг.
Уурхайгаас гарах кобальтыг Хятадын Congo DongFang International Mining хэмээх цорын ганц компани худалдан авч, iPhone зэрэг бүтээгдэхүүний батарейг хийдэг.
Хэдийгээр одоо олон компани кобальтыг ямар их үнээр олборлодог талаар бодолцож, Конгогоос энэ ашигт малтмалыг авахаас татгалзаж байгаа ч энэ улсад дэлхийн кобальтын 60 хувь нь төвлөрсөн аж.
Тэгвэл ухаалаг төхөөрөмжид хэчнээн хэмжээний кобальт шаардлагатай вэ? Гар утсанд 5-10 г, нөүтбүүкт 30 г, цахилгаан автомашинд 5-10 кг хэрэг болдог гэнэ.
Литий-ион батерей нь өмнөх технологи шигээ хортой биш. Үүнгүйгээр ухаалаг гар утас нь халаасанд багтахааргүй, нөүтбүүк ширээн дээр байрлахааргүй, цахилгаан машин байх боломжгүй болох юм.
Гэвч энэ бүх тансаглалыг уурхай дээр ажилладаг хүүхдүүдийн хөлс хөдөлмөр, амь насаар төлдөг аж. Конго улс хэтэрхий ядуу учраас үүний эсрэг арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.
Энд 2012 оны байдлаар 40 мянган хүүхэд уурхайд ажиллаж байна. 2007 онд Америкийн нэгэн агентлагаас 4000 хүүхэд ажилладаг гэжээ.